Түнш байгууллагуудын уулзалтыг зохион байгуулав

Түнш байгууллагуудын уулзалтыг зохион байгуулав

PDFХэвлэхИ-мэйл

Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн төлөвлөгөө, Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Гаалийн Ерөнхий газар, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн загварын дагуу Монгол улсад гадаад худалдааг хөнгөвчлөх Цахим нэг цонхыг хэрэгжүүлэгч/хариуцагч байгууллагаар томилогдсон. Энэ үйл ажиллагааг  НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, Нийгмийн Комисс, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Цаасгүй худалдааны шинжээчдийн сүлжээний туслалцаатайгаар Монгол Улсад гадаад худалдааг хөнгөвчлөх Цахим нэг цонхны мастер төлөвлөгөөг боловсруулсан юм.

Цахим нэг цонх нь Засгийн газрын тогтоосон журам, зохицуулалтын тогтолцооны хүрээнд тавигдах шаардлага, зохицуулах албадын дэг, горимыг дагаж мөрдөхөд зориулж худалдаанд оролцогчдод нэгдсэн суваг бий болгож байгаагаараа Монголд худалдаанд мөрдөх дэг горимыг нэгтгэн цомхотгох, худалдааны өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах юм.  Цахим нэг цонх нь эх үүсвэрийг үр дүнтэй, үр ашигтайгаар ашиглах, орлогыг зөв тогтоох, худалдаанд оролцогчдын дэг журамд нийцүүлж ажиллах байдлыг сайжруулах, аюулгүй байдлыг дээшлүүлэх, Засгийн газрын нэгдсэн зохицуулалт, ил тод байдлыг бэхжүүлэх давуу талтайн дээр худалдааны саатлыг багасгах замаар зардал хэмнэх, хил гаалиар нэвтрүүлэх ажиллагааг шуурхай болгох, холбогдох дүрэм журмын тайлбар, үйлчлэх хүрээг ойлгомжтой болгох зэргээр худалдаанд оролцогчдын хувьд дөхөмтэй систем юм.

Өнөөдрийн байдлаар Цахим нэг цонхыг нэвтрүүлэхэд Монгол Улсын хувьд тулгарч буй гол хүндрэл бол уг хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлэх асуудал юм. Ийм учраас БНСУ-ын Мэдээлэл технологийн салбарыг дэмжих агентлагаас техник, эдийн засгийн шинжилгээ хийж Цахим нэг цонхны мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж үйл ажиллагаа эхлүүлснээс хойш хоёр жилийн дараа үр өгөөжөө өгөх боломжтой гэж дүгнэсэн. Цахим нэг цонхыг нэвтрүүлэх үйл ажиллагаа нь эхлэлийн шатанд үлэмж хэмжээний санхүүжилт шаардах боловч үүнээс гарах үр ашгийг нь холбогдох оролцогч талууд дунд болон урт хугацаанд хүртэх учиртай.

Энэ үүднээс 2011 оны 4 сарын 15-ны өдөр Сангийн яам, Гадаад хэргийн яам, Гаалийн Ерөнхий газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Гадаад түншүүдийн зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгууллаа. Тус уулзалтад НҮБ-ын АНДЭЗНКомисс /UNESCAP/, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/,  Швейцарийн элчин сайдын яамны хамтын ажиллагааны газар, Японы элчин сайдын яам, Жайка, Койка, АНУ-ын Эдийн засаг, бодлого шинэтгэл, өрсөлдөх чадвар төсөл /USAID/ , Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг гадны томоохон байгууллагууд болон МХЕГ, СХЗГ, ТЕГ, ҮХШХ зэрэг төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.

 

Тус уулзалтаар цахим нэг цонхны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Монгол улсад удаа дараа зохион байгуулсан семинар, зөвлөгөөнүүдийн талаар болон мастер төлөвлөгөөг хэрхэн боловсруулсан талаар НҮБ-ын АНДЭЗНКомиссын эксперт танилцуулга хийж, түүний дараагаар тус хөтөлбөрийг хариуцаж буй хоёр гол байгууллага болох ГЕГ, МҮХАҮТанхим уг мастер төлөвлөгөө түүний ач холбогдол, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөний талаар уулзалтанд оролцогсдод танилцуулсан.

Уулзалтаар Азийн хөгжлийн банк эхний ээлжинд санхүүжилтын эх үүсвэр олгохоо мэдэгдсэн бөгөөд бусад олон улсын тусламжийн байгууллагууд өөрсдийн байр суурийг илэрхийлж, зохион байгуулагч талуудаас шаардлагатай асуултаа асууж, сонсгол сонслоо.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865