ЛОГИСТИКИЙН ӨДӨРЛӨГ 5 ДАХ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

PDFХэвлэхИ-мэйл

ЗТХЯ, “GS1 Монгол” нийгэмлэг, ММЗИХолбоо, ШУТИС-ийн БАТС хамтран “Дэлхийн логистикийн өдөр”-ийг тохиолдуулан 5 дах жилдээ “Логистикийн өдөрлөг арга хэмжээ”-г 2017 оны 6 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. 

zurag banner

Тус арга хэмжээ нь дараах 3 төрлөөр болж өнгөрлөө. Үүнд:

  1. “Төрөөс тээвэр, логистикийн салбарт баримтлах бодлого, стратеги” сэдэвт онол, практикийн бага хурал
  2. “Тээвэр, логистикийг хөнгөвчлөхөд мэдээллийн технологийн шийдлийг нэвтрүүлэх боломж” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлийн уралдаан
  3. Худалдаа, тээвэр, агуулахын салбарт логистикийн шийдлийг амжилттай нэвтрүүлсэн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах аялал

Арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар ЗТХЯ, “GS1 Монгол” нийгэмлэг, ММЗИХолбоо, ШУТИС-ийн БАТС, ивээн тэтгэгч байгууллагаар Улаанбаатар төмөр зам ХНН, Морь барьдаг ХХК, дэмжигч байгууллагаар МЛХ, МТЗНХолбоо, Монлогистик ворлд вайд ХХК, Номинхолдинг ХХК –ууд хамтран ажиллалаа.

1. “Төрөөс тээвэр, логистикийн салбарт баримтлах бодлого, стратеги” сэдэвт онол, практикийн бага хурал, хэлэлцүүлэг-2017 оны 6 дугаар сарын 14 ны өдөр:

Тус бага хурлын зорилго нь Монгол улсын тээвэр, логистикийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, төрийн бодлого боловсруулж буй яам, агентлагууд, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч олон улсын болон төрийн бус байгууллагууд, тухайн салбарт ажиллаж буй хувийн хэвшлийн үүрэг, оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдсэн.

Бага хурлын үеэр дараах илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Үүнд:

  • “Төрөөс тээвэр, логистикийн салбарт баримталж буй бодлого, стратеги” сэдвээр ЗТХЯ, Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд
  • “Нийслэлийн тээврийн үйлчилгээг логистик хандлагаар удирдах боломж” сэдвээр Нийслэлийн тээврийн газар, доктор Х.Булгаа
  • “Дотоодын ачаа тээврийн өнөөгийн байдал, тулгамдаж буй зарим асуудал” сэдвээр Авто тээврийн үндэсний төвийн дэд дарга Ш.Батсайхан
  • МУ-ын төмөр замын сүлжээгээр дамжин өнгөрөх тээвэрлэлтийг нэмэгдүүлэх боломж, арга зам сэдвээр МТЗ ТӨХК-ийн Д.Гүндэгцэрэн
  • Терминалын үйлчилгээг үр дүнтэй зохион байгуулах боломжууд сэдвээр УБТЗ ХНН
  • Ачаа урсгалын нэгдсэн сүлжээ байгуулах боломж сэдвээр “Монгол шуудан” ХХК, Логистикийн хэлтсийн дарга Н.Хосбаяр
  • Олон улсын тээвэр зуучлал, логистикийн салбарын хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй зарим асуудал сэдвээр Туушин ХХК, доктор С.Отгонбаяр нар сонирхолтой илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.
zurag 1 zurag 2
zurag 3 zurag 4

Бага хурал, хэлэлцүүлэгт ЗТХЯ, АТҮТ, НТГ зэрэг холбогдох яам, агентлагууд, олон улсын болон төрийн бус байгууллагууд, судалгаа, шинжилгээний байгууллагууд, эрдэмтэн, судлаачид, хувийн хэвшлийн 100 гаруй төлөөллүүд оролцож, тээвэр логистикийн салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тээвэр, логистикийг хөнгөвчлөх, зардлыг бууруулах арга замууд, шийдвэрлэх асуудлууд, Улаанбаатар хот, хөдөө, орон нутагт тээвэр, логистикийн төвүүдийг байгуулах арга зам, хөрөнгө оруулалт тээвэр, логистик, борлуулалт, түгээлтийн асуудлууд, Монгол улсын голлох хилийн боомтуудад хуурай боомт байгуулах хууль, эрх зүйн орчинг хэрхэн бий болгох, хуурай боомт байгуулснаар үүсэх давуу талуудын талаар мэдээлэл сонсч, эдгээр чиглэлээр хийсэн судалгаа, шинжилгээтэй танилцаж, өөрсдийн мэдлэгийг дээшлүүлж, харилцан санал бодлоо солилцлоо.

2. “Тээвэр, логистикийг хөнгөвчлөхөд мэдээллийн технологийн шийдлийг нэвтрүүлэх боломж” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаан -2017 оны 6 дугаар сарын 14 ны өдөр:

Тус эрдэм шинжилгээний бага хурлыг эрдэм судлалын ажил хийдэг судлаачид, эрдэмтэд, сургалт явуулдаг, их, дээд сургуулиудын багш, оюутнууд, төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчдийн дунд зохион байгууллаа. ЭШӨ-ийн уралдааны зорилго нь онол практикийн ач холбогдол бүхий судалгааны шинэ бүтээл, үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санаа бодлоо чөлөөтэй солилцох, судлаач, багш, оюутны эрдэм шинжилгээ, судалгаа, бизнес эрхлэгчдийн төслийг дэмжихэд чиглэгдсэн.

Энэ удаагийн ЭШӨ-ийн уралдаан нь тээвэр логистикийг хөнгөвчлөхөд мэдээллийн технологийн шийдлийг хэрхэн нэвтрүүлэх, өнөөгийн байдал, ирээдүйн боломжийн талаар судлах, нээн гаргаж ирэхэд чиглэгдсэн нь ач холбогдол өндөртэй байлаа. ЭШӨ-ийн уралдаанд олон сонирхолтой илтгэлүүд ирснээс дараах илтгэлүүд шалгарлаа. Үүнд:

  1. Багш судлаачдын уралдаанд:
    • Барра ба Сала-И-Мартиний капиталын өсөлтийн тэнцэтгэл ашиглан Улаанбаатар төмөр замаар тээвэрлэх ачааны хэтийн төлөв, хөдлөх бүрэлдэхүүний паркийг төлөвлөх нь сэдвээр МУИС-ийн магистрант Н.Мөнхдөл -2 р байр 
    • Хоосон чингэлгийн хөдөлгөөн зохион байгуулалт, мэдээллийн систем нэвтрүүлэх ач холбогдол сэдвээр МТЗ ТӨХК-ийн Г.Байгалмаа -3 р байр 
    • Хотын тээврийн системийн загварчлал судалгаа сэдвээр ШУТИС-МТС, Ц.Гантөмөр нар –Тусгай байр
  2. Оюутны төрөлд:
    • Зураасан кодны хэрэглэгээг нэмэгдүүлэх боломж сэдвээр ШУТИС-ийн оюутан Д.Батнууц-1 р байр 
    • Төрийн үйлчилгээний нэгдсэн мэдээллийн сан байгуулах боломж сэдвээр ШУТИС-ийн оюутан Б.Хонгорзул-2 р байр 
    • Хүнсний ногооны нийлүүлэлтийн хэлхээг оновчлох боломж сэдвээр ШУТИС-ийн оюутан О.Сугарцэцэг -3 р байр тус тус шалгарлаа.
zurag 5 zurag 6
zurag 7 zurag 8

1. Логистик төв, агуулахтай танилцах аялал-2017 оны 6 сарын 15-ны өдөр:

Худалдаа, тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн логистикийн нэгж, агуулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцан оролцогчид хоорондоо туршлага хуваалцах боломжийг олгох зорилгоор дараах газруудаар танилцах аялалыг 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй зохион байгууллаа.

zurag 9

Үүнд:

  • “АПУ” ХК-ийн логистикийн төвийн үйл ажиллагаа:
    Тус төв нь дэлхийн стандартад нийцсэн, хүчин чадлын хувьд Монголдоо хамгийн томд тооцогдох бүрэн хэмжээний автомат агуулах юм. Тус логистик төв нь үйлдвэрээс бэлэн болсон бүтээгдэхүүнийг үйлдвэрийн дамжлагаас нь шууд татан төвлөрүүлж, хадгалж, буцаагаад захиалгын дагуу маш түргэн шуурхай түгээдэг бүрэн автомат үйлдвэрлэл бөгөөд тогтмол хэмд хүнсний бүтээгдэхүүнийг хадгалалт, хамгаалалтын горимын дагуу гүйцэтгэж байна. Агуулахын барилга, тоног төхөөрөмж угсралт, програм хангамжийн хувьд 96’000 метр куб, арван мянга гаруй поддон бараа хадгалах багтаамж бүхий 12 давхар ган хийц байгууламж бөгөөд автомат агуулах нь А, Б гэсэн хоёр үндсэн байгууламжтай, агуулахын удирдлагын программ, материал урсгалын систем гэсэн хоёр программаар агуулахаа удирддаг. Бүтээгдэхүүнийг А байгууламж хүлээн авч автомат дамжлага дээр байрлуулснаар автомат робот тухайн хадгаламжийн нэгж рүү хүргэнэ. Энэ нь цагт 63 поддон бүтээгдэхүүн хүлээн авах хүчин чадалтай хэсэг бөгөөд бүрэн автомат үйл ажиллагаатай. Харин Б байгууламж нь цагт 58 поддон бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай түгээлтийн хэсэг юм. Энэ хэсгээс АПУ компанийн бүтээгдэхүүнүүдийг хүссэн тоо, хэмжээ, захиалгын дагуу нэг дороос маш хурдан хугацаанд зөөвөрлөж ачих боломжтой. Агуулахын бүхий л процесс, шат дамжлагад олон улсын стандарт зураасан кодыг ашиглаж мэдээлэл солилцох, түгээлт хийх, хүлээн авах , илгээх үйл ажиллагаанууд хийгдэж байна.
    zurag 10
  • "МТС Агро" ХХК-ны агуулахын үйл ажиллагаа
    М-Ти-Эс Агро ХХК нь бүтээн байгуулалтын хүрээнд хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэл худалдааны чиглэлээр Монголд анх удаа халуун хүйтэн, дотоод агаарын чийгшэлттэй дэлхийн стандартын төхөөрөмжөөр тоноглосон 4500 тоннын багтаамжтай хүнсний хөргөлттэй агуулахтай бөгөөд үйл ажиллагааныхаа хүрээнд бүх төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ, лаазалсан савласан , мах махан бүтээгдэхүүн, далайн гаралтай бүтээгдэхүүн гэх мэт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд хадгалан хэрэглэгчиддээ хүргэж , мөн ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй компаниудад зөвөлгөө өгч хамтран ажиллаж байна. Агуулах нь +20 оос -30 целс хүртэл хөргөж чадах хөргүүрийн хүчин чадалтай ба тус агуулах нь сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологиор тоноглогдсон, бүрэн автомат, камер бүр нь хүнсний бүтээгдэхүүнд тус тусад нь зориулсан хөргүүрийн тусгай төхөөрөмжөөр тоноглосон, халуун хүйтэн, дотоод агаарын чийгшилт, зэргийг автоматаар өөрөө тохируулан ажилладаг тусгай төхөөрөмжийг нутагшуулсан байна.

    zurag 11 zurag 12
  • Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа
    Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл нэртэйгээр баригдаж буй шинэ нисэх онгоцны буудал. Улаанбаатар хотоос 52 км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж байгаа бөгөөд энэ онд нээгдэх төлөвлөгөөтэй, буудал байгуулалтын эхний түвшний санхүүжилт 540 сая ам.дол.-ыг Японоос 40 жилийн хөнгөлттэй зээлээр хийсэн. Хөшигийн хөндийн буудал нь 2 талаасаа зэрэг онгоцнууд хөөрч буудаг байх салхины болон геологийн тооцоололттойгоор байгуулагдаж байна. Буудлыг цаашдаа олон сая зорчигчдод үйлчлэх зориулалттайгаар тооцоолж эхний барилга байгууламжуудыг анхны зохион байгуулалтаар байгуулж байна.
    • Зурвасын хэмжээ - 3 600 м
    • Автомашины зогсоол - 825
    • Терминалын талбай - 37 000 м/кв
    • Цамхгийн өндөр - 41 м
    zurag 13 zurag 14
  • Номин Агуулах худалдаа-Улаанбаатар импекс салбар 

Тус төв нь Номин холдинг компанийн салбар, нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжин ажиллах, дотоод, гадаадын бизнес эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагуудад үйлчилгээг нэг доороос үзүүлж, харилцан ашигтай хамтран ажиллах, импортлогчид, үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг эрүүл ахуй, стандартын шаардлагын дагуу хадгалж хэрэглэгчдэд найдвартай хүргэж үйлчлэх эрхэм зорилготой ажилладаг. Агуулахын үйл ажиллагаа нь:

- Хөргөлттэй агуулахын үйлчилгээ: Хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах зориулалттай 3168м3 эзэлхүүн бүхий 470тн-ын хүчин чадалтай , (-12С) (-25С) темпратурт ажилладаг аммиакан хөргөлттэй 4 хэсэг бүхий агуулахыг тн/хоног , эзэлхүүн/хоног , м2/хоногоор түрээслэн үйлчилдэг. Өөрийн 24 цагийн харуул хамгаалалтай бүрэн камержсан

- Химийн лаборатори: “Эко стандарт” магадлан итгэмжлэгдсэн хүнс химийн сорилтын лаборатори нь бүх төрлийн

  • хүнсний бүтээгдэхүүн
  • гоо сайхан
  • ахуйн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн
  • хуванцар эдлэл
  • хүүхдийн тоглоом зэрэгт нян судлалын болон хими-хор судлалын, чанарын ба аюулгүйн үзүүлэлтийн бүрэн шинжилгээг өндөр түвшинд хийх хүчин чадалтай.

- “За” брэндийн мах, махан бүтээгдэхүүний үйлчилгээ: Монгол хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн, шим тэжээллэг гахай, тахиа, хонь, үхрийн мах, махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн хүссэн жор, технологиор ангилан савлаж бүх салбар дэлгүүрээрээ нийлүүлж байна.

- Ачаа тээвэр, Механизмын үйлчилгээ: 1-с 40тн хүртэл даацтай ачааны 60 гаруй автомашинаар хот дотор болон хөдөө орон нутагт бараа тээвэрлэж, 1,5тн даацтай 4 ширхэг өөрөө өргөгч , 1,5тн даацтай 20 ширхэг гар ачигч , дулаан гражаар тус тус үйлчилдэг. 1-с 40тн хүртэл даацтай ачааны 60 гаруй автомашинаар хот дотор болон хөдөө орон нутагт бараа тээвэрлэж, 1,5тн даацтай 4 ширхэг өөрөө өргөгч , 1,5тн даацтай 20 ширхэг гар ачигч , дулаан гражаар тус тус үйлчилдэг.

zurag 15 zurag 16

Ийнхүү Дэлхийн логистикийн өдрийг угтан 5 дах жилдээ зохион байгуулсан бидний энэхүү арга хэмжээ ололт амжилтаар дүүрэн, шинэ шийдэл санаануудыг олж авсан, арвин мэдлэг мэдээллээр өөсрдийгөө цэнэглэсэн ач холбогдол өндөртэй болж өнгөрсөнд зохион байгуулагчдын зүгээс баяртай байна. Эцэст нь тус арга хэмжээг хамтран зохион байгуулсан ЗТХЯ, ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургууль, ММЗИХолбооны хамт олондоо талархал илэрхийлье. Мөн түүнчлэн энэхүү арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан УБТЗам, Морь барьдаг ХХК, МТЗНХолбоо, Монлогистик ворлд вайд, Номин холдинг ХХК-ийн хамт олонд баярласан талархсанаа дахин илэрхийлье. Бид бүхний хамтын ажиллагаа цаашид илүү өргөн хүрээнд өргөжин тэлнэ гэдэгт найдаж байна. 

zurag 17 zurag 18

 

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865