КАРЕК-ын Транзит тээврийн баталгааны системийн талаархи уулзалт боллоо

PDFХэвлэхИ-мэйл

2015 оны 1 сараас эхлэн КАРЕК буюу Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Казакстан, Киргизстан, БНХАУ-ын тээврийн коридорыг түшиглэн “Транзит тээврийн баталгааны систем”-ийг турших төслийг Төв Азийн тээвэр зуучийн нийгэмлэгүүдийн холбоо, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус ажлын хүрээнд КАРЕК-ийн орнуудын холбогдох байгууллагуудтай уг төслийг танилцуулах, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, ач холбогдол, үр дүн гарах эсэхийг судлах зорилгоор хэд хэд удаагийн уулзалтуудыг зохион байгуулж байна. Энэ удаагийн уулзалт нь Монгол улсад 2 дах удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд эхний уулзалтаар тус төслийн талаархи ойлголтыг оролцогч талуудад өгөх, хэрэгцээ шаардлагыг тодорхойлоход чиглэж байсан бол энэ удаагийн уулзалт нь техник хангамж, сүлжээ, мэдээллийн технологийн чадавхи, нөөц боломжийн талаар судлахад чиглэж байв.

“Транзит тээврийн баталгааны систем” гэдэг нь авто тээврийн транзит ачааг дамжин өнгөрөх улс орны гаалийн хилээр аливаа хяналт шалгалтгүйгээр нэвтрүүлэхэд гаалийн татвар хураамжтай холбоотой аливаа эрсдэл гарахад баталгаа өгөх систем юм. Тус системийн гол зорилго нь КАРЕК-ийн орнуудын хооронд дамжин өнгөрөх тээврийг зохион байгуулж буй талуудын транзит ачаанд баталгаа гаргахад оршино. Баталгааг тухайн экспортлогч орны хамгийн өндрөөр тогтоогдсон гаалийн татвар хураамжийн дүн дээр үндэслэн тооцно. Тус баталгаа нь 1 жил хүртэл тодорхой тоогоор явж буй дамжин өнгөрөх ачаанд хийгдэнэ. Энэхүү баталгааг ашиглахыг хүссэн худалдааны байгууллагууд гаалийн байгууллагаас тавьж буй тодорхой шалгууруудыг хангасан байх ёстой. Шалгуурууд нь тээвэрлэж буй барааны төрлөөс хамаарна. Уг баталгааны системийн үр ашиг нь дамжин өнгөрөх ачаанууд ширхэгээр бус тээврийн нэг удаагийн ачилтаар тооцогдоно, байж болох хязгаарлалтыг тавих боломжтой, эрсдлийн зэргийг гаалийн татвар хураамжийн 25-100 хүртэл хувиар тооцох боломжтой, 1 жилийн баталгаатай байдаг. Тус системийг ашиглахын тулд транзит тээврийн мэдээллийг холбогдох талууд нэг мэдээллийн баазаас авах боломж бүхий программ хангамжийг ашиглана, транзит тээвэр нэгдсэн нэг бичиг баримтаар хийгдэх бөгөөд тус бичиг баримт зөвхөн цахимаар шилжих юм. Тус төслийг одоогоор КАРЕК-ийн аль ч гишүүн оронд хэрэгжүүлж эхлээгүй байгаа бөгөөд олон талын судалгаа шинжилгээг хийсний дараа хэрэгжүүлэх боломжийг гаргах юм. Иймд манай улсын хувьд транзит тээврийг хурдан шуурхай явуулах, гаалийн үйл ажиллагаанд баталгааны системийг нэвтрүүлж эрсдлийг бууруулах зорилгоор тус системийг өөрт ашигтай байдлаар хэрэгжүүлэх боломжийг судлах л үлдлээ.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865