“Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдэн орохын ач холбогдол”

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлийн жилүүдэд Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) гишүүн орнууддаа худалдааг хөнгөвчлөх ажлыг тууштай явуулахыг шаардахын зэрэгцээ худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг соёрхон баталж, нэгдэн орох чиглэлээр эрчимтэй үйл ажиллагааг явуулсаар байна. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын Сайд нарын 9 дэх удаагийн бага хурлаар “ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-ийг 2013 оны 12 сард эцэслэн тохирсон юм. Уг хэлэлцээрийн дагуу ДХБ-ын гишүүн орнууд гаалийн үйл ажиллагааг сайжруулах, худалдааны ил тод байдлыг хангах, хүний нөөцийг чадавхижуулах болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх үүргийг хүлээсэн юм. ДХБ-ын 164 гишүүн орны 110 гишүүн орон нь уг хэлэлцээрийг соёрхон баталж, нэгдэн орвол хүчин төгөлдөр мөрдөгдөх учиртай бөгөөд одоогоор 93 улс орон нэгдэн орохоо нэгдэн орсон орнуудыг хавсралт графикаас харна уу ) зөвшөөрөн соёрхон батлаад байна. (ДХБ-ын гишүүн орнуудаас 17 улс орон соёрхон баталвал тус хэлэлцээр улс орнуудад хэрэгжих боломжтой болох юм. Манай улсын хувьд тус хэлэлцээрт нэгдэн орох ажлуудыг дэс дараатайгаар хийж ирсэн ч өнөөг хүртэл УИХ-аар оруулж соёрхон батлуулаагүй байна. Тус хэлэлцээрт нэгдэн орохын тулд хөгжиж буй болон буурай хөгжилтэй гишүүн орнууд тус хэлэлцээрийн заалт бүрээр “А” /хэлэлцээрийн заалтыг шууд хэрэгжүүлэх/, “В” /хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэх орчин, нөхцөл бүрдээгүй/, “С”/хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэхэд техник туслалцаа авах/ ангиллаа тодорхойлж нэгдэн орох шаардлагатай байдаг. Манай улс тус хэлэлцээрт нэгдэн орох зорилгоор худалдаанд оролцогч төрийн болон төрийн бус байгууллагууд, гааль, мэргэжлийн хяналтын байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүдийг оролцуулсан хэд хэдэн удаагийн сургалт, семинарыг ГХЯам, МҮХАҮТанхим зэрэг байгууллагуудаас хийж байсан бөгөөд дээрх семинаруудаас оролцогч талууд Монгол улсын хувьд тус хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд С ангилалд багтах боломжтой талаар нэгдсэн ойлголцолд хүрсэн юм. Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар манай улс ХХХ-ийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, нэгдээгүй байна. Иймээс ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр (XXX), түүний ач холбогдлын талаар та бүхэнд товчхон танилцуулга мэдээлэл хүргэж байна.  

  • Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр гэж юу вэ

Худалдааг хөнгөвчлөх гэдэг нь хилийн дагуух хүнд суртлыг бууруулахад туслах арга замуудын цогц шийдлийг хэлнэ. Гаалийн шат дамжлагын дарамтууд, олон төрлийн бичиг баримтын шаардлагууд нь дэлхийн улс орнуудын бүхий л жижиг дунд том компаниудад бодит хүндрэлийг үүсгэж байна. Энэ бүхнийг хялбаршуулах, хөнгөвчлөхөд ДХБ-ын ХХХ тус болох юм. ХХХ нь худалдааг хялбаршуулах, худалдааны үйл ажиллагааг хурдан шуурхай болгох, хямд төсөр болгох, ил тод үр ашигтай байлгах, дүрэм журмыг багасгах, авилгал, хүнд суртлыг бууруулах, технологийн давуу талыг ашиглах гэх мэтээр гаалийн процедурыг түргэсгэхэд чиглэдэг.

  • Худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааг дэмжих

ХХХ-т нэгдэн орсноор худалдаанд оролцогч бүхий л талуудын хоорондын хамтын ажиллагаа эрчимжиж, худалдааны үйл ажиллагаанд өндөр ач холбогдолтой шинэчлэлтийг хийх юм. ХХХ-ийг хэрэгжүүлэх улс орнууд өөрсдийн хэрэгцээ шаардлагыг хангах чадавхи байгаа эсэхийг тодорхойлж, шаардлагатай тохиолдолд туслалцаа авах боломжтой юм. ДХБ-ын гишүүн орнууд ХХХ-ийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд бизнесийн байгууллагуудтай зөвшилцөн тухайн бүс нутаг дах хэрэгцээ шаардлагуудаа тодорхойлох ёстой. 2005 оноос хойш худалдааг хөнгөвчлөх чиглэлээр 1.9 тэрбум ам.долларын техникийн болон санхүүгийн тусламжийг улс орнуудад үзүүлсэн бөгөөд одоо ч мөн энэ чиглэлээр хөрөнгө оруулалт хийх олон тооны сангууд бий болсоор байна. ХХХ-ийг амжилттай хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийнхэн хамгийн чухал үүрэгтэй оролцоно. ДХБ-ын гишүүн орнууд ХХХ-ийг хэрэгжүүлэхдээ засгийн газар, гаалийн байгууллага, бизнес эрхлэгчдээс бүрдсэн худалдааг хөнгөвчлөх үндэсний хороогоор дамжуулан хэрэгжүүлэх нь зүйтэй талаар ХХХ-ийн 23 дугаар зүйлд заасан байдаг. Иймээс гишүүн орнуудын байгуулсан Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны эрх үүрэг маш чухал юм.

  • Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдэхийн ач холбогдол

ХХХ нь худалдааны үйл ажиллагаанд гаалийн тарифаас ч илүү эерэгээр нөлөөлдөг. ДХБ-ын өнөөгийн судалгаагаар дэлхий даяар хилийн удирдлага, захиргааны үйл ажиллагааг сайжруулбал дэлхийн ДНБ-ийг жилд 1 триллион ам. доллараар нэмэгдүүлэх боломжтой гэж гаргаж байна.

ХХХ нь хамгийн том үр ашгаа  жижиг дунд бизнес эрхлэгчид болон хөгжиж буй улс орнуудад өгөх юм. Дэлхийн эдийн засгийн форумын үеэр ХХХ нь хилийн худалдаанд 60-80 хувийн өсөлтийг бий болгох боломжтой талаар дурдсан. Хилийн худалдааны процедур нь компаниудын хувьд хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах, улс орнуудын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахад гол нөлөөг үзүүлэх болно. ДХБ-ын тооцоо судалгаанд ХХХ-ийг хэрэгжүүлснээр;

  • Хөгжиж буй орнуудын экспортыг жил бүр 730 сая ам.доллараар нэмэгдүүлнэ
  • Хөгжиж буй улс орнуудын хувьд жилдээ 20 гаруй сая ажлын байрыг шинээр бий болгоно
  • Бага орлоготой улс орнуудын хувьд худалдааны нийт зардлыг 14%, дундаас дээш орлоготой улс орнуудын хувьд худалдааны нийт зардлыг 13%-иар бууруулах боломжийг олгоно
  • Засгийн газрын орлого бүрдүүлэлтэнд тааламжтай, эерэг нөлөөг үзүүлэх буюу худалдааны хэмжээ нэмэгдэж, төсвийн орлого бүрдүүлэлтийг өсгөх сайн талтай
  • ХХХ-ийг соёрхон баталснаар засгийн газар, хувийн хэвшил болон нийт улс орны хэмжээнд хожлын зарчим үйлчлэх юм. Засгийн газрын хувьд дээр дурдснаар эдийн засгийн өсөлт бий болж засгийн газрын орлогыг нэмэгдүүлнэ, бизнесийн салбарт худалдааны үйл ажиллагаа хурдан шуурхай, хялбар болно, нийт ард түмэн, улс орны хувьд ажлын байр нэмэгдэж, хэрэглэгчид хямд, чанартай бараа бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой болох талаар дурдсан байна.

Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн улс орнуудад үзүүлэх бодит үр дүн:

1) Худалдааны дүрэм журамтай холбоотой мэдээллүүд ил тод болно

  • Засгийн газрын зүгээс худалдааны процедуртай холбоотой гаалийн аливаа мэдээллийг багтаасан хэвлэмэл гарын авлагыг олон нийтэд хэвлүүлж тараах ёстой. Ингэснээр гаалийн татварын хувь хэмжээ, дүрэм журам, бараа бүтээгдэхүүний ангилал, үнэлгээний дүрэм, гарал үүслийн дүрэм журам, торгууль шийтгэлийн дүрмүүд ил тод болох юм.

2) Худалдааны дүрэм журамд нэмэлт өөрчлөлт оруулахын өмнө олон нийтэд мэдээлэл хүргэж зөвлөгөө өгөх

  • Засгийн газрууд ачаа барааны гаалийн бүрдүүлэлт, орох гарах үйл ажиллагаатай холбоотой хууль дүрмийг өөрчлөх, шинээр гаргахын өмнө тухайн чиглэлээр худалдаачид болон бусад сонирхогч талуудад зөвлөгөө өгөх ёстой.

3) Стандарт дүрэм журмууд хэрэгжих

  • Засгийн газар тарифын ангилалд мөрдөх дүрэм журмуудыг цаг алдалгүй батлах, хэвлэмэл байдлаар тараах ёстой.

4) Агентлаг хоорондын хамтын ажиллагаа баталгаажих

  • Худалдааг хөнгөвчлөхөд Засгийн газрын холбогдох эрх бүхий агентлагууд хилийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд хамтран ажиллах шаардлагатай байдаг. Хамтын ажиллагаа гэдэг нь ажлын цагийг нэг болгох, дүрэм журмыг нэг болгох, тоног төхөөрөмжүүдээ хуваалцах, хилийн хяналтын цэг дээр нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх  зэргийг ойлгох хэрэгтэй.

5) Тухайн хилийн цэгээс импортын барааг дотоодын гаалийн байгууллага руу шилжүүлэх дүрэм мөрдөгдөнө

  • Импортоор орж ирж буй ачаа барааг гаалийн хяналтын доор хилийн цэгээс шууд өөр гаалийн байгууллага руу шилжүүлэх боломжтой болно. Ингэснээр хилийн цэг дээрх барааны урсгалыг түргэсгэнэ.

6) Импорт, экспорт, дамжин өнгөрөх ачаа барааны дүрэм журам, бичиг баримтын хүндрэлүүд багасгана

  • Экспорт, импорт, дамжин өнгөрөх ачаа бараанд мөрдөх дүрэм журмыг олон улсын стандарт, цахим нэг цонхны системийг ашиглан бууруулах чиглэлээр Засгийн газар ажиллах шаардлагатай.

7) Давж заалдах болон хяналттай холбоотой дүрэм журмын стандарт

  • Бизнес эрхлэгчид гаалийн байгууллагын гаргасан шийдвэр, орхигдуулсан зарим нэг асуудлын талаар санал гомдол гаргах, давж заалдах эрхтэй болно.

8) Хилийн хяналт дээр ил тод, ялгаварлан гадуурхахгүй, бусдын нөлөөнд үл автах байдал бий болно

  • Засгийн газрын зүгээс хил дээрх хүнсний, ус ундааны, хоол тэжээлийн бүтээгдэхүүнүүдийг хянах үйл ажиллагаатай холбоотой тэмдэглэгээнүүдийг олон нийтэд мэдээлэх, хэвлэн тараах үүрэгтэй.

9)    Барааны гаалийн бүрдүүлэлт, орох гарах үйл явц

  • Импорт, экспорт, транзит ачааны гаалийн бүрдүүлэлт, орох гарах үйл ажиллагааны гаалийн процедур нь сайжруулсан, стандартчилагдсан байх болно. Гаалийн процедурт хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглах, тохиромжтой хууль дүрмийг дагаж мөрдөх, хялбаршуулах, орох гарах хугацааг нарийн гаргах, танилцуулах, ачааны хяналтын үйл ажиллагаанд аудитын хяналт, эрсдлийн менежментийг ашиглах зэргээр сайжруулалтууд хийгдэнэ.

10) Дамжин өнгөрөх ачааг саадгүй нэвтрүүлэх дүрэм

  • Засгийн газрууд транзит ачааг бусад орнууд руу саадгүй нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих, сайжруулах чиглэлээр ажиллах болно. Тусгай зориулалтын дамжин өнгөрөх замыг барьж байгуулах, транзит бичиг баримтыг цөөлөх, бичиг баримтыг урьдчилсан байдлаар бүрдүүлэх ажиллагааг дэмжих чиглэлээр ажиллах ёстой.

11) Гаалийн байгууллагуудын хоорондын олон улсын хамтын ажиллагаа сайжирна

  • Гаалийн байгууллагууд экспорт, импортын гаалийн бүрдүүлэлттэй холбоотой аливаа өөрчлөлт, шаардлагуудын талаар хоорондоо мэдээллээ солилцох боломжтой болно.

ДХБ-ын ХХХ нь дээр дурдсан тодорхой үр дүнгүүдийг улс орнуудад үзүүлэх боломжтой учраас Манай улсын хувьд ч мөн адил тус хэлэлцээрт нэгдэн орох ажлыг түргэвчлэх шаардлагатай байна. Ингэснээр гааль, мэргэжлийн хяналт, стандарт болон холбогдох бусад байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулж, худалдааны хэт олон шат дамжлага, зардлыг бууруулах, хээл хахууль авилгалыг багасгах, эдийн засгийн өсөлтийг бий болгох, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байрыг нэмэгдүүлэх олон нааштай үр дүнгүүд гарахаар байна.

Монгол улсын хувьд олон талын  ач холбогдол бүхий олон улсын гэрээ, хэлэлцээрт идэвхитэй хамгийн түрүүнд нэгддэг ч энийгээ олон нийтэд хүргэх, шийдвэр гаргах түвшний зохих албан тушаалтнуудад хүргүүлэх, олон нийтэд нэгдсэн ойлголт мэдээлэл өгөх зэрэгт маш хойрго хандах буюу эргэх холбоо сул ажиллаж, зарим тохиолдолд тэдгээр гэрээ хэлэлцээрүүдийн төслүүд холбогдох яам, агентлагийн ажилтнуудын ширээн доор дарагдаж мартагдах хандлага байсаар байна. Энэ мэтээр нэгдэн орох боломжтой олон гэрээ хэлэлцээрүүдийг үйл ажиллагаандаа хэрхэн яаж хэрэгжүүлэхээ мэддэггүйн улмаас улс орны эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах олон боломжуудыг алдсаар байна. Чухамдаа эдгээр гэрээ, хэлэлцээрүүд нь  улс орны эдийн засгийн хувьд ч тухайн бизнесийн байгууллагуудын хувьд ч хөрөнгө оруулалт, санхүү болоод бусад олон талаар үр ашгаа өгөх боломжтой юм. Бидний хувьд бүгдийг бус чухлыг нь ашиглах цаг ирсэн мэт...

Эх сурвалж: https://www.flickr.com/photos/international-chamber-of-commerce/29826446802/in/album-72157660195701884/

Судлаач: Бизнесийн удирдлагын магистр, ОУХ-ы эдийн засагч Б.Батчимэг

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865