Инкотермсийн нөхцлүүдийг бид зөв хэрэглэж байна уу

PDFХэвлэхИ-мэйл

Гадаад худалдаанд оролцогчид бид худалдааны гэрээндээ нийлүүлэлтийн нөхцөл "Инкотермс" ийг зөв хэрэглэж чадаж байна уу. Экспорт, импортын үйл ажиллагаа төдийгүй тээвэр зуучлалын үйл ажиллагаанд нийлүүлэлтийн нөхцлийг зайлшгүй хэрэглэх шаардлага тулгардаг ч бид хэрхэн зөв хэрэглэх талаар тэр бүр сайн мэддэггүй. Иймд инкотермсийн дүрмийн талаар багахан зөвлөгөөг хүргэж байна.

  • Гадаад худалдааны нийлүүлэлтийн нөхцөл Инкотермс нь талууд сайн дураараа хэрэглэхээр тохиролцож, худалдааны гэрээний үндсэн нөхцөл болсон тохиолдолд хэрэглэгдэх эрх нь үүсдэг худалдааны нийлүүлэлтийн үйл ажиллагааг зохицуулдаг дүрэм юм. Өөрөөр хэлбэл худалдах худалдан авах гэрээндээ инкотермсийн нөхцийг хэрэглэхээр зааж өгөх шаардлагатай юм. Тухайлбал гэрээний "нийлүүлэлтийн нөхцөл" заалтын хүрээнд "CPT Замын Үүд" Инкотермс 2010, Монгол улс хэмээн бичих боломжтой.

  • Гэхдээ Инкотермсийн дүрэм нь олон улсын гэрээ биш, улс орнууд нэгдэж гарын үсэг зурах ёстой баримт бичиг биш учраас инкотермсийн нөхцөл гэрээний бусад нөхцлүүдтэй зөрчилдсөн тохиолдолд гэрээний нөхцлийг эн тэргүүнд баримталдаг. Өөрөөр хэлбэл гэрээний "нийлүүлэлтийн нөхцөл" заалтын хүрээнд "CIF Чингис хаан" нисэх онгоцны буудал, Инкотермс 2010, Монгол улс нөхцлөөр бараа нийлүүлэгдэж байгаа тохиолдолд Инкотермсийн нөхцлийн заалтыг бус үндсэн гэрээний зүйл заалтыг үндэслэж гаалийн татвар хураамжийг тооцох шаардлага гардаг. Учир нь CIF нөхцөл нь зөвхөн далайн болон дотоодын усан замын тээвэрт хэрэглэгддэг тул далайд гарцгүй манай улсын хувьд ашиглах боломжгүй юм.

  • Зарим компаниуд тендерийн хуулийн холбогдох заалтын дагуу тендер шалгаруулалтанд гадаадын этгээд оролцохыг Incoterms 2010 нөхцөлөөр хязгаарладаг гэсэн ойлголттой байх тохиолдлууд байдаг. Энэ бол буруу ойлголт юм. Инкотермсийн дүрэм нь талуудын хоорондын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн үйл ажиллагаа, түүнтэй холбоотой зардал, эрсдлийг хуваарилахаас бус хэн нэг этгээдийн эрхийг хязгаарлах, аливаа нэг үйл ажиллагаанд оролцоход саад тотгор болдог дүрэм журам биш юм.

  • Гадаад улсаас өндөр үнэтэй тоног төхөөрөмж худалдан авч байгаа Монгол улсын аливаа хуулийн этгээд нь Инкотермсийн дараах нөхцлүүдийг сонгон хэрэглэх нь илүү давуу талтай юм. Үүнд:

  • Incoterms 2010 DDP- тус нөхцлийг сонгосон тохиолдолд монголын импортлогчийн хувьд маш давуу талтай, өөрийн агуулахад бараа бүтээгдэхүүнийг экспортлогчийн зардал эрсдлээр хүлээн авах боломжтой юм.

  • Түүнчлэн Incoterms 2010 DAT, DDP нөхцлүүдийг ч сонгон хэрэглэх боломжтой юм.

  • Гэхдээ уул уурхайн салбарын бараа бүтээгдэхүүн нь өөрөө дэлхийн зах зээл дээр өндөр үнэ өртөгтэй, эрэлт ихтэй бараа учраас ийм төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдаж буй тал ихэвчилэн Incoterms –ийн D бүлгийн нөхцлүүдийг төдийлөн сонгохыг чухалчилдаггүй юм. Учир нь экспортлогч дэлхийн зах зээлд эрэлт их, үнэ өндөртэй барааг өөрийн зардлаар импортлогч талын улсад аваачиж нийлүүлэх шаардлагагүй гэж үздэг тал бий. Иймд хэрвээ экспортлогч тал нь Incoterms –ийн D бүлгийн нөхцлүүдээр гэрээ хийхийг импортлогч талд зөвшөөрч байгаа бол D бүлгийн DDP нөхцлийг сонгох нь хамгийн зөв сонголт юм. Харин D бүлгийн нөхцлүүдийг тохиролцож чадахгүйд хүрвэл Incoterms 2010 CIP нөхцлийг сонгохыг зөвлөж байна.

  • Incoterms 2010 CIP- Тус нөхцлөөр худалдагч худалдан авагчийн оршин байгаа улсын хилийн цэг дээр бараа бүтээгдэхүүнийг хүргэж нийлүүлэх бөгөөд нийт тээврийн зардал болоод нийт эрсдлийг хариуцан даатгалыг төлдөг нөхцөл юм.

Иймд худалдаанд оролцогч талууд өөрийн үйл ажиллагааны чиглэлээс хамааран Инкотермсийн нөхцлүүдээс дараах сонголтуудыг хийх боломжтой юм. Үүнд:

  1. Өөрийн өмчлөлд буй бараа бүтээгдэхүүнээ худалдан авагчийн захиран зарцуулалтад шилжүүлэхийг эс тооцвол худалдагчийн хүлээх үүрэг хамгийн бага байх нөхцөл (EXW)

  2. Бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчийн нэрлэсэн газар (FCA,FAS,FOB) эсвэл тээвэрлэгчид хүлээлгэж өгөх (CFR, CPT), мөн тээвэрлэлтийн үеийн эрсдлээс сэргийлэх даатгал хийлгэх зэргээр худалдагчийн хүлээх үүрэг их байх нөхцөл (CIP,CIF)

  3. Худалдагчийн хүлээх үүрэг маш өндөр байх нөхцөл (DAT,DAP,DDP) зэрэг болно.

Инкотермсийн дүрмийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг МҮХАҮТанхимын гаргасан "Гадаад худалдааны нийлүүлэлтийн нөхцөл Инкотермс 2010" гарын авлагаас авах боломжтой бөгөөд энэ чиглэлээр биечлэн зөвлөгөө авах, модулын сургалт авахыг хүсвэл доорхи хаягаар холбогдох боломжтой юм.

Холбоо барих:

МҮХАҮТанхим, Гишүүнчлэлийн газар,
Ахлах мэргэжилтэн Б.Батчимэг
Утас: +976-11-313411, 99022595
Цахим шуудан: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Та бүхний гадаад худалдааны үйл ажиллагаа эрсдэлгүй, амжилттай байхыг хүсэн ерөөе.

МҮХАҮТАНХИМ,
ХУДАЛДАА ТЭЭВРИЙГ ХӨНГӨВЧЛӨХ ЗӨВЛӨЛ

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865