Манайхан лоттерейн бизнесийг сайн мэдэхгүйгээс хууль зөрчихөөс гадна хэрэглэгчдээ төөрөгдүүлж байдаг

PDFХэвлэхИ-мэйл

alt

Манай улсад лоттерейн бизнесийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж явуулдаггүйгээс хэн дуртай нь хүссэн үелээ сугалаа гаргаж хууль зөрчих явдал газар авсаар ирэв. Энэ талаар МҮХАҮТ-ын дэргэдэх “GS1” нийгэмлэгийн гишүүн, “Лоттери де ла Монголи” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

-Та бид хоёрын хөндөж ярих гэж байгаа бизнесийг бидний хэлж заншсанаар хонжворт тоглоом гэх үү, эсвэл өөрөөр хэлэх үү?

-Хонжворт гэхээсээ илүү таадаг гэдэг утгаараа төлбөрт таавар тоглоом гэнэ. Харин оролцогч хүнийг тоглогч гэнэ. Лоттерейн индустри гэдэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тоглоомын бизнес. Бусад бизнесийн салбартай адил, дотроо олон төрлийн тусгай бүтээгдэхүүн-үйлчилгээтэй томоохон бизнес байдаг юм. Дэлхийн бүх улсад адилхан байдаг, явагддаг. Жишээ нь, лотто байж болно, бинго, кено, тото гэх мэтээр хэд хэдэн төрөл бүтээгдэхүүнтэй байдаг.

- Манайхан төлбөрт тааварт тоглоомын төрөл, мөн чанар, ухагдахуун зорилго, үйл ажиллагааг сайн мэдэхгүйгээс хууль бус үйл ажиллагаа эрхлэх зэргээр буруу буюу яг зах зээлийнхээ гольдролоор явахгүй байна гэж үзэж болох уу?

-Тиймээ. Энэ бүхэн хууль эрхзүй байхгүйтэй холбоотой юу гэхээр манайд энэ талын хууль эрхзүй байдаг. ААН-ийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийг үндэслээд энэ бизнесийг хийх эрхзүйн орчин манай улсад бий. Нэг ёсондоо дээр өгүүлсэн лоттерейн бүтээгдэхүүн болох төрлүүдийг Монголд хулийн дагуу хөгжүүлэх боломжтой гэсэн үг. Ер нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зорилтын нэг нь нийтийн ашиг сонирхол, тодорхой нөхцөл, нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгоход оршдог шүү дээ. Гэхдээ манай ААН, компаниуд өнөөдрийг хүртэл лоттерейн бизнесийг жинхэн утгаар нь хэзээ ч тэр хууль зүйгээр нь хэрэгжүүлэхгүй байгаад асуудал байгаа юм. Тодруулж хэлбэл, манайд хуулиараа, шударга ёсоор, ил тод, хамтын зарчим дээр үндэслээд энэ бизнесийг хийж байсан тохиолдол байхгүй.

Тэгвэл юу хийж байна, яаж хийж байна гэхээр арилжааны банк, эсвэл дэлгүүр, худалдааны бизнес эрхлэдэг компани, хүмүүс бараа, бүтээгдэхүүнээ сурталчилж борлуулах зорилгын үүднээс “Та ийм бараа худалдан авбал тийм хонжвор хожино” гэсэн үйл ажиллагаа явуулаад байгаа юм. Энэ бол нөгөө лоттерейгоо хууль бусаар, жинхэнэ буруугаар хэрэглэж байна, бараг л орвонгоор нь эргүүлж байгаатай адил үйлдэл болж байгаа юм. Ингэснээр нөгөө бизнесийнхээ жинхэнэ нэр хүндийг унагах, нийгэмд буруу ойлголт өгч буй хэрэг.

Өнөөдөр манай захын нэг, дурын нэг компани борлуулалтаа сайжруулахын тулд лотто юмуу эд мөнгөнийн хонжворт сугалаа гэж зарлаад байвал хүмүүс, олон нийт, иргэд буруугаар хүлээн аваад л байна гэсэн үг. Нэг ёсондоо үйлчлүүүлэгч хэрэглэгч олноо төөрөгдүүлж байна. Наад зах нь худалдан авалт, борлуулалт итгэлгүй, эргэлзээтэй, тоглоомын маягын болж ирж байна гэсэн үг. Ийм сөрөг талууд гардаг, манайд гарч ч байна.

- Жишээ татвал...?

-Тухайлбал, манайд тавилгын нэг их дэлгүүр “Шинэ сонголт” гэсэн зар сурталчилгаа явуулахдаа “Лотто” гэсэн нэр томьёог хэрэглэж байна. Уг нь хуулиар Хуул зүйн яамнаас тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхэлдэг төлбөрт тааварт тоглоомын бизнесийн төрөл байтал дурын дэлгүүр явуулдаг үйл ажиллагаа биш юм. Хэрэв тухайн дэлгүүр эд мөнгөний хонжворт сугалаа явуулж байгаа бол эхлээд Сангийн яамнаас тусгай зөвшөөрөл авсан байх ёстой бөгөөд “Сугалаа” гэсэн нэр томьёог хэрэглэн хонжвор олгох тухай холбогдох баримт бичгийг бүрдүүлж хуулийн дагуу тусгай зөвшөөрөл өгөгдөх учиртай.

Дээрх жишээ нь манай улсад их. ААН, компаниудын энэ үйлдэл нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.4, 15.5.7, Онцгой албан татварын тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.2, мөн Зар сурталчилгааны тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.2, 6.5.1, 21 дүгээр зүйлийн 21.2 дах заалтыг тус тус зөрчиж байгаа юм. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж буй “Супер лотто сугалаарай, “Би сугалаанд итгэдэггүй байсан чинь үнэхээр үнэн, бодит юм байна” хэмээн хүмүүсээр хэлүүлж байгаа сурталчилгааг телевиз, мэдээллийн хэрэгслээр цацаж, зурагт самбарын хэлбэрээр гадна зар сурталчилгаа явуулж буй энэ үйлдэл нь тоглоомын зах зээлийн анхан шатны мэдлэггүйнх юм.

Дээрх үйлдэл нь эдийн засаг, бизнес, зах зээлд буруу нөлөө, хохиролтой, муугаар нөөөлөх зүйл юм. Уг нь тодорхой зорилготой, зөвхөн энэ төрлийн бизнес эрхлэдэг компаниуд дэлхийн 200 оронд улс бүрт нэг, том бүс нутагтай улсад ердөө хоёр байдаг, ингэж тухайн улс орон, бүс нутгийг хамарч, үйл ажиллагаа явуулж байх жишээний байдаг юм. Улмаар тухайн улс орон, бүс нутгийн биен тамир, спортоос аваад нийгмийн арга хэмжээ, урлаг, соёлын төслийг тодорхой хэмжээгээр санхүүжүүлж байдаг юм. Лоттерейн бизнесийн зорилго ийм байдаг юм.

- Тэгэхээр манайд үүнийг мэдэхгүйгээс болоод хууль зөрчөөд байна уу?

-Ер нь тэгэж хэлж болно. Би түрүү хэлсэн, олон хууль зөрчиж байгаа гэж. Наад зах нь худалдаа, үйлчилгээний дүрэм журам, холбогдох хуулиудаа зөрчиж байна.

- Тэгвэл энэ бизнес яг ямар зарчмаар явагддаг юм бэ?

-Хэрэв лоттерейн бизнес эрхлэх гэж байгаа бол эхлэлтийн хөрөнгө оруулалт нь нилээн өндөр байдаг. Ийм шаардлага тавигддаг. Дараа нь тэр хөрөнгө оруулалтаа зах зээлд бүтээгдэхүүн-үйлчилгээ болгосон хойно нөхөж ашиг олоход наад зах нь хоёр жил шаардагддаг, шаардлагатай байдаг бизнес. Гэтэл энэ бизнесийн нэр хүнд, мөн чанарыг мэдэхгүй, ойлгохгүйгээс буруугаар хэрэглэх, улмаар яг тухайн бизнесээ үгүйсгэх, хажуугаар нинжа маягын үйлдэл хийгээд байх нь эргээд нөгөө бизнестээ их хортойг би дээр хэллээ.

Учир нь ийм төрлийн бизнес хэзээ нэгэн цагт манай Монголд бий болно, үйл ажиллагаа нэвтэрч дэлгэрнэ. Тэр цагт төгс утгаар нь хэрэгжүүлэх болно доо. Ийм зорилгоор бид компани байгуулж тусгай зөвшөөрлөө аваад бизнесээ “шинээр” эхлээд байна. Бид олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн-үйлчилгээг Монголынхоо зах зээлд нэвтрүүлж нийлүүлнэ. Хамгийн эхний тоглоом маань “Дөрвөн бэрх” гэдэг брэндийн тоглоом байна. Мөн хусч арилгадаг, хусаад хожлоо шууд харах боломжтой тоглоом байна. Гэх мэтээр цааш төрөлжиж хөгжинө. Энэ бизнесийг бусад бизнес, салбартай харьцуулж хэлэхэд томоохон үйлдвэрлэл юм. Энэ бизнес мөн өөрийн гэсэн онцлог байдал, талуудтай.

Наад зах нь хэрэглэгч, үйлчлүүлэгч гэхэд нас хүйс ялгахгүй, баян хоосны ялгаа байдаггүй, нэг ёсондоо хэнийг ч ялгадаггүй бизнес. Та бүхэн гадаадын кино болон хэвлэл мэдээллээс хааяа лоттерей хожчихлоо гэсэн мэдээлэл сонсож үздэг. Энэ бол цэвэр үнэн, шударга юм. Энэ бол манайхан шиг хэн нэгнээс мөнгө авах, эсвэл эцэг, эхээсээ мөнгө “гуйх”-аас өөр зүйл юм. Нэг ёсондоо энэ бизнесийг эрхлэж байгаа бол 100 хувь шударга байдаг, олон улсын стандарт, шаардлагатай.

- Та түрүү энэ бизнесийг эрхлэх эрхзүй Монголд байгаа. ААН-ийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийг үндэслээд энэ бизнесийг хийх эрхзүйн орчин манай улсад бий гэсэн. Өөр ямар хууль эрхзүй байна вэ?

-Асуудал бас хууль эрхзүй байгаадаа бус, түүнийгээ манайхан, ялангуяа хэрэгжүүлэгч төр, засгийнхан сайн мэдэхгүй буруу ойлголтын үүднээс ч бас холбоотой зүйлүүд бий. Жишээ нь, манайд ААН-ийн Тусгай зөвшөөрлийн хуулийн дагуу хэрэгжүүлэгч ХЗЯ-наас төлбөрт, тааварт тоглоомын үйл ажиллагаа явуулах журам гаргасан хэр нь хонжворт болон төлбөрт тоглоомын “бизнес” нэг хэсэг манайд хавтгайрч, зах дээр хүртэл тоглоод эхлэнгүүт, ингэхдээ буруугаар ашиглаж эхлэнгүүт нь шууд нөгөө журам буюу эрхзүйгээ хаачихаж байгаа юм. Уг нь зөв эрхлүүлээд явуулах байтал тэр шүү дээ.

Энэ бол хууль хэрэгжихгүй байгаа улс орны л жишээ юм. Үнэндээ та өнөөдөр Швейцарь юм уу Франц гээд ямар ч улс оронд очсон зах дээр нь төлбөрт тоглоом тоглуулаад байж байхгүй. Энэ нь нэг талаар түрүүний миний хэлээд байсанчлан манайд хуулиа зөрчөөд байна, нөгөө талаас хуулиа хэрэгжүүлэхгүй байна л гэсэн үг. Мэддэгтэй ч байна, мэддэггүй нь ч байна, манайд. Уг нь бол энэ бизнес хөгжих зах зээлийн бодит хэрэгцээ, шаардлага манайд бий.

- Манай монголчууд ер нь төлбөрт тоглоомыг хонжворт сугалаа, хуучнаар бол мөрийтэй тоглоом гэж буруу ойлгоод байдаг тал ч бий байх. Жишээ нь, казино, лоттерей гээд ялгаатай зүйлүүдийг зааглаж өгмөөр юм шиг...?

-Тэгэлгүй яахав. Жишээ нь, энэ хоёр бол эрс ялгаатай бизнесүүд. Казиногийн талаар манайд хууль гарна гээд яриад л байна. Олон жил ярьсан. Нэг хоёр ч байна уу бүтэлгүйдсэн. Одоо удахгүй гарах байх. Энэ бол өөр бизнес. Казино чинь лоттерей дотроо олон төрлийн бүтээгдэхүүнтэй байдаг шиг рулет зэрэг чинь казиногийн төрлүүд юм. Тэр бүгд нь тухайн казино орших зочид буудал ч юм уу тэр обьектдоо байхаас биш нэг дэлгүүр дотор байхгүй нь мэдээжийн асуудал. Манайхан сайн ялгаж ойлгох, ойлгуулах хэрэгтэй л дээ.

Ярилцсан Б.БОЛД




Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865