GS1 нь бүтээгдэхүүн, үйлчилгээг тодорхойлохын тулд глобал стандартыг хөгжүүлж буй ашгийн бус байгууллага. Эдгээр стандартуудын тусламжтайгаар аливаа байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, байршил зэрэг холбогдох бүх мэдээллийг үнэн бодитоор тодорхойлж худалдаа, үйлчилгээнд оролцогч талууд харилцан солилцох боломжийг олгодгоороо эрэлт, нийлүүлэлтийн хэлхээн дэх үр өгөөжийг нэмэгдүүлж байдаг.

            GS1-ийн бүтээгдэхүүнүүдийн нэг болох Бүтээгдэхүүний электрон код (БЭК) буюу EPC нь RFID (Radio Frequency Identification Data) радио давтамжит долгионоор тодорхойлох технологийг хөгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэдэг GS1 систем, зураасан кодны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи юм. БЭК нь зураасан кодны адил бүтээгдэхүүнийг тодорхойлохын тулд маш их мэдээллийг агуулсан тоон системийг ашигладаг ба тусгай уншигчийн дохио ялгаруулалтаар хамгаалалт бүхий мэдээллийн баазаас мэдээллийг дамжуулж байдаг. Бизнес эрхлэгчид төдийгүй хэрэглэгчдийн хувьд адилхан чухал ач холбогдолтой технологи юм.

БЭК нь силикон ялтас болон антенаас бүрддэг, RFID шошгонд хадгалагддаг. Шошгон дахь БЭК-ны мэдээллийг сэргээхэд үндсэн мэдээллийн баазтай холбогдож байдаг. Энэ технологийг ашигласнаар нийлүүлэлтийн хэлхээн дэх үйлчилгээний хурдыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг илүү чанартай бүтээгдэхүүнээр хангахад туслах, хуурамч бараа, бүтээгдэхүүнээс сэргийлэх, үйлдвэрлэгчид эвдэрч гэмтсэн бүтээгдэхүүнээ эргүүлэн татах, жижиглэн худалдаа эрхлэгчид нөөцөө хянах, хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ зөв цагт хүргэх зэрэг олон давуу талууд бий болдог. Тухайлбал:

  • БЭК-той олон барааг нэг нэгээр бус бүгдийг нэгэн зэрэг уншуулах боломжтой.

  • Агуулах дахь нөөцийн хяналтыг сайжруулах, зөв удирдах

  • Төлбөр тооцоо хийх явцыг хурдасгах

  • Чанарын баталгаа болох

  • Хуурамч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахаас сэргийлэх

  • Бүтээгдэхүүний гарал үүслийг шалгах, мөрдөлтийн системийг нэвтрүүлэх

  • Эргүүлэн татан авалт, буцаалт хийхэд ашиглах

  • Хулгайчаас урьдчилан сэргийлэх

  • Тээвэрлэлтийг хянах, мөшгөх гэх мэт

RFID (Radio Frequency Identification Data) буюу
Радио давтамжит долгионоор тодорхойлох

RFID технологи нь 60 гаруй жилийн түүхтэй. Дэлхийн II дайны үеэс аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор ашиглаж ирсэн. Сүүлийн үед хувийн хэвшил болон хэрэглэгчид өргөнөөр хэрэглэх болсон.

RFID нь цахилгаан бараа, харилцаа холбооны хэрэгслүүд шиг бидний амьдралын хэвшил, арга замыг өөрчилсөн технологи болж чадсан. 1950-1960-аад оноос хэрэглэгчид хулгайчаас сэргийлэх, түлхүүргүйгээр албан ажлынхаа хаалга, машинаа онгойлгохдоо хэрэглэх зэргээр үр ашгийг нь хүртэж эхэлсэн.

RFID бүр шошго бүхий тэмдэглэгээ болон уншигч, компьютерын системийг агуулж байдаг. Шошго нь микросхемтэй чип болон антеннтай байх бөгөөд олон тооны хэлбэр дүрс, хэмжээтэй байна. Барааг нэг удаа хаяглаж шошго болон компьютерын системийн хооронд радио давтамжийн таних тэмдэглэгээгээр дамжуулан мэдээллийг дамжуулахад уншигч хэрэглэгддэг. Уншигч нь хөдөлгөөнгүй суурин эсвэл хөдөлгөөнтэй байж болдог.

RFID нь идэвхтэй эсвэл идэвхгүй шошгыг ашигладаг. Идэвхтэй шошго нь цахилгаан цэнэглэгчтэй, өөрөөсөө дохиоллыг гаргадаг байхад идэвхгүй шошго нь цахилгааны нөөцгүй, хөдөлгөөнтэй эсвэл хөдөлгөөнгүй уншигчаар түүнийг таниулдаг.

Өнөөдөр маш олон төрлийн байгууллагууд бараа, бүтээгдэхүүнээ хянах, удирдах гээд янз бүрийн зорилгоор уг технологийг ашиглаж байна. Тухайлбал:

1. Жижиглэн худалдаа эрхлэгчдийн хувьд түгээлтийн төвийн хаалган дээр идэвхгүй RFID шошгыг суурилуулж ажилчид агуулахаас төмөр замын тавцан хүртэл тавиур эсвэл хайрцгийг зөөхөд хаалган дээрх RFID уншигч нь тавиур эсвэл хайрцаг дээрх шошго бүхий тэмдэглэгээг уншиж идэвхжүүлдэг.

2. Музей агуулах дахь урлагийн бүтээлийг хянах, танихын тулд RFID-ийг ашиглаж байна.


3. Үйлдвэр болон компаниуд дэлхийг хамарсан, эсвэл бүс нутгийн, том, жижиг алин ч байсан хамаагүй өөрсдийнхөө үйлдвэрлэлийн үйл явц, үйлчилгээг сайжруулах, бараа бүтээгдэхүүнээ хянах зорилгоор RFID –ийг ашиглаж байна. Энэ нь хэрэглэгчдэд шууд үр ашгийг авчирдаг. Тухайлбал угаалгын машины талаар илүү их зүйл мэдэхийг хүсвэл дэлгүүрт байгаа RFID нь танд бүтээгдэхүүний талаар нэмэлт мэдээллийг өгнө.


4. Эрүүл мэндийн салбарт эмнэлгүүд цусан бүтээгдэхүүн , эмийг хянах болон RFID уншдаг бугуйвчийг зүүсэн өвтөнүүдийг хянах зорилгоор RFID –ийг ашигладаг. Энэ нь сувилагч нар яг цагт нь зөв эмийг зөв өвчтөнд өгч байгааг мэдэхэд тусалдаг. RFID нь хуурамчаар үйлдэхийг багасгах бөгөөд эм үйлдвэрлэгчид чанарын хяналтыг сайжруулахад болон амь насыг хамгаалахад тусалдаг.


5. Аялал жуулчлал болон логистик нь RFID –ийн нэгэн нийтлэг талбар юм. Гар утаснаасаа автобусны төлбөрөө төлөхийг хүсч байвал RFID энэ боломжийг олгоно. Жуулчид хаана нэгтээ ачаа тээшээ алдах вий гэсэн байнгын айдастай явдаг. RFID нь нисэх онгоцны буудлуудад болон нисэх онгоцнуудад энэ эрсдлүүдийг багасгахад тусалж байна.

Зураасан код нь зөвхөн тухайн бүтээгдэхүүний талаархи мэдээллийг өгдөг байхад RFID нь түүнээс илүү их мэдээллийг буюу тухайн бүтээгдэхүүний нэр, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэсэн огноо, тээвэрлэгч байгууллагын нэр, хаяг, эцсийн хүрэх цэг, лот/серийн дугаар, дуусах хугацаа, гэх мэтээр илүү их мэдээлэлийг үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд өгч чаддаг учраас илүү өргөн хүрээнд өөрөөр хэлбэл хуваарилалтын сувгийн бүхий цэгт хэрэглэх боломжтой юм. Үүнийг сүүлийн үед эрүүл мэнд, батлан хамгаалах, боловсрол, нийтийн болон ачаа тээвэрлэлт, дэлгүүр, хүнс гээд бүхий л салбарт хэрэглэж байна.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865