GS1 Монгол гуравдугаар байранд шалгарлаа

PDFХэвлэхИ-мэйл

GS1 олон улсын байгууллагын бүх гишүүн орнуудын ээлжит уулзалт энэ оны 2 сарын 17-22-ны өдрүүдэд Бельгийн Бруссель хотноо болж 95 орны 650 гаруй зочид, төлөөлөгчид оролцлоо. Тус уулзалтаар GS1-ын үндсэн чиглэл, стартеги, өнгөрсөн жилийн тайлан, ирэх жилийн зорилго, зорилтоо танилцуулж хэлэлцсэнээс гадна тээвэр, логистик, жижиглэн худалдаа, эрүүл мэнд, банк, санхүүгийн салбар болон бэлэн хувцас, хүнс, өргөн хэрэглээний аюулгүй байдал, ул мөрийг шалгахад тус системийг хэрхэн хөгжүүлж байгаа жишээ, кейсүүд болон электрон худалдаа, олон нийтийн харилцаа, хамтын ажиллагаа гэх мэт 40 гаруй салбарчилсан семинар, экспертүүдийн уулзалт болж оролцогчид харилцан туршлага солилцлоо.

Энэ жилийн хувьд GS1 байгууллагын 40 жилийн ой, түүний гишүүн орон буюу GS1 систем, зураасан кодыг олон улсын стандартын дагуу өөрийн улс оронд хэрэгжүүлэх эрх бүхий итгэмжлэгдсэн төлөөлөгч болох “GS1 Mongolia”-ын 10 жилийн ой тохиож байгаагаараа онцлог байлаа.

Ойн арга хэмжээний хүрээнд 110 гишүүн орнуудын дунд байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулах, тус системийн талаар бусдад мэдлэг, мэдээлэл түгээн дэлгэрүүлэх, сурталчлах чиглэлээр глобал компанит уралдаан зарласан бөгөөд уг уралдаанаас GS1 Аргентин нэгдүгээр байр, GS1 Итали хоёрдугаар байр GS1 Монгол гуравдугаар байранд шалгарсан байна. Монголоос тус нийгэмлэг, Зураасан код, логистикийн хэлтсийн дарга Ш.Цэвэлсайхан оролцож шагналаа авлаа.

Дашрамд дурьдахад GS1 систем, зураасан кодыг хамгийн анх 1974 оны 6 сарын 26-ны өдөр АНУ-ын Охой мужийн Марш супермаркетэд Wrigley's Juicy Fruit бохин дээр хэрэглэж сканерт уншуулж байсан бол өнөөдөр 116 улс тус байгууллагын албан ёсны гишүүнээр элсэж дэлхийн 3 сая орчим компани өөрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд зураасан кодыг хэрэглэж байна.

 

GS1 Монгол нийгэмлэг

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865