Нийлүүлэлтийн хэлхээ, Логистикийн чиглэлээр Герман улсад болсон цогц аялал амжилттай болж өндөрлөлөө

PDFХэвлэхИ-мэйл

МҮХАҮТ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ –ийн “Эрдэс баялгийн иж бүрэн санаачлага” хөтөлбөр, Германы Логистикийн Холбоо болон Монголын Логистикийн Холбоо хамтран зохион байгуулсан тээвэр, логистикийн чиглэлийн сургалт, аялал 2013 оны 10 сарын 17-27-ны хооронд ХБНГУ-ын Бремен, Берлин хотуудад маш амжилттай зохион байгуулагдлаа.

Уг аялалд Сантрак ХХК, Ландбридж ХХК, ОУТЗТ ХХК, Монгол Экспресс ХХК, ХБХДТ ХХК, Глобал Ворлдвайд ХХК, МҮХАҮТ, Зам Тээврийн яам, Монголын Логистикийн холбоо зэрэг байгууллагуудын нийт 15 мэргэжилтэн хамрагдаж мэдлэг, туршлагаа дээшлүүллээ.

Уг аялал нь Монголын тээвэр, логистикийн салбарын төлөөлөгчдөд зориулсан Европ тивд хийгдэж буй анхны аялал бөгөөд аялал нь дараах 3 хэсгээс бүрдсэн болно.

Нэг. Герман улсын Бремен хотод байрлах Германы Логистикийн Холбооны институтад “Герман улсын нийлүүлэлтийн хэлхээний менежмент“, “Логистик ба нийлүүлэлтийн хэлхээний стратеги, сүүлийн үеийн хандлагууд”, “Тээвэр, логистикийн олон улсын хамтын ажиллагаа, Герман улсын жишээ” зэрэг сэдвүүдээр 2 өдрийн сургалтанд Герман-Монгол хэлний орчуулгатайгаар хамрагдав.

Хоёр. Европт ачаа эргэлтийн хэмжээгээрээ 4-рт ордог “Bremerhaven” боомтын үйл ажиллагаатай танилцсан бөгөөд бидэнд боомтын дотоод үйл ажиллагааг дотроос нь үзэх ховор боломжийг олгосон юм. Уг боомтод жилд 6 сая гаруй 40 тонны контейнер ачаа эргэлддэгээс гадна өдөрт 5000 гаруй суудлын автомашиныг АНУ болон Европын бусад орон руу шилжүүлэн тээвэрлэдэг байна.

Түүнчлэн “BMW” автомашин үйлдвэрийн жолооны хүрд угсралтын ажлыг хариуцдаг үйлдвэрийн үйл ажиллагаа, логистикийн процесс, шат дамжлагатай танилцаж нөөцийн хуваарилалтыг хэрхэн оновчтой зохион байгуулж болох боломжийг судалсан.

Германы хамгийн том жижиглэн худалдааны сүлжээ болох KAISER компанийн Берлин дэх бүх сүлжээ дэлгүүрийг хангадаг логистик төв, агуулахтай танилцаж, зураасан кодны систем болон мэдээллийн технологийн шинэчлэлийг хэрхэн ашиглаж зардал, цаг хугацааг хэмнэж буйтай танилцав.

Гурав. Аялалын сүүлийн 3 өдөр Европын логистик, нийлүүлэлтийн хэлхээний мэргэжилтнүүдийн жил бүр цуглаж мэдлэг, туршлагаа хуваалцдаг хамгийн том чуулга уулзалт “30th International Supply Chain Conference” –д оролцож салбарын чиглэлийн семинар, хэлэлцүүлэг, илтгэл сонслоо. Уг чуулга уулзалтанд нийт 3200 гаруй мэргэжилтнүүд оролцсон бөгөөд 200 гаруй логистик, тээвэр, мэдээллийн технологийн компанууд 3 өдрийн турш өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж үзэсгэлэн гаргасан.

Уг чуулга уулзалтанд анх удаа Монгол улсаас төлөөлөгчид оролцож байгаад Германы тал өндөр ач холбогдол өгч Монголчуудтай хамтран ажиллах сонирхолтой компануудад зориулан “Challenge Mongolia” арга хэмжээ зохион байгууллаа. Уг арга хэмжээгээр нийт оролцогчид Европын 20 гаруй компанийн төлөөлөгчидтэй уулзаж мэдээллээ солилцон цаашид хамтран ажиллах эхлэлийг тавив.

Энэхүү аялалыг амжилттай зохион байгуулахад маш том үүрэг гүйцэтгэсэн, Герман дахь сургалт, аялалуудыг зохион байгуулалтын өндөр түвшинд хийсэн Германы Логистикийн Холбоо болон 2 талыг холбож гүүр болсон GIZ – Эрдэс баялгийн иж бүрэн санаачлага хөтөлбөрт гүн талархлаа илэрхийлье.

Герман улсаас туршлага судалсан нийт 10 хоног оролцогчдын хувьд маш ихийг ойлгосон, төрөл бүрийн мэдээлэл авсан, шинэ санаа төрсөн өдрүүд байсан бөгөөд дээрхи арга хэмжээг цаашид уламжлал болгон зохион байгуулах тал дээр санаачлагч болон зохион байгуулагч байгууллагууд ажиллах болно.

Б.Гэрэлтуяа
Ахлах мэргэжилтэн
Худалдаа, Тээврийг хөнгөвчлөх зөвлөл – Нарийн бичгийн дарга
Утас: +976-11-11313411, 91978585
Цахим шуудан: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865