Зураасан кодыг худалдаа хөнгөвчлөхөд түлхүү ашиглая

PDFХэвлэхИ-мэйл

Олон улсын парламентчдын хурал болон олон улсын “GS1 глобал” форумд оролцоод ирсэн УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлээс зарим зүйлийг тодруулав.

- Та Бельги улсад болсон “GS1 глобал” форумд оролцоод иржээ. Энд дэлхийн 100 гаруй орны 600 орчим төлөөлөл оролцож туршлагаа хуваалцжээ. Бусад орнуудтай харьцуулахад манайд зураасан кодны хэрэгжилт ямар түвшинд байна вэ?
-Манайх өндөр хөгжилтэй орнуудаас доогуур байгаа ч бүс нутаг, ижил түвшний улсуудтай харьцуулахад адилхан байна. Өөрөөр хэлбэл дунд түвшинд байна. Бусад орнууд мобайл технологи, радио долгионы хэлбэлзлийг илүү ашиглаж, жижиглэнгийн сектор хүчтэй хөгжиж байна. Дэлхийн хэмжээний томоохон нийлүүлэлтийн сүлжээ бүхий компаниуд тээвэр логистикийн нийт зардлыг бууруулахын тулд зураасан кодыг дээд түвшинд хэрэглэж байна. Манай улс технологийн түвшинд харьцуулахад хүрэхгүй байгаа ч манай компаниудын оролцоо, зах зээл дэх жижиглэн худалдаа эрхлэгчдийн оролцоо сүүлийн жилүүдэд өссөөр байгаа хандлага ажиглагдаж байна. Энд төрийн байгууллагуудын зүгээс хийх ажил их байна. Сая УИХ-аар батлагдсан Хүнсний аюулгүй байдлын тухай болон Хүнсний тухай хуулинд С.Дэмбэрэл гэдэг хүн байгаа учраас л зураасан кодын тухай ойлголтыг орууллаа. Энэ нь тухайн хүний сайных биш, энэ байгууллагыг төлөөлдөг хүний хувьд, мэдээлэлтэй учраас энэ талаар ажлын хэсгийнхэнтэй ярилцаж байгаад зураасан кодны талаар хангалттай биш ч гэсэн тодорхой заалтууд орууллаа.

-Дэлхий даяар хүнсний аюулгүй байдлын тухай их ярьж, үүн дээр зураасан кодыг хамгийн их ашиглаж байна гэсэн...?
-Манайд бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа ч хуулинд нь оруулж өглөө. Цаашдаа бид үүрэн холбооны операторуудтай хамтарч идэвхитэй ажиллана. Одоогоор манайх эмнэлгийн салбарт тэр дундаа цусан бүтээгдэхүүн дээр зураасан кодыг амжилттай ашиглаж байна. Жижиглэнгийн 30 гаруй мянган бүтээгдэхүүний мэдээллийн сантай болсон. Зах зээлд шинээр гарч ирж байгаа компаниуд энийг мэддэг болж байна. Хуурамч худалдаа, брэндийн биш барааг брэнд гэж зарах нь их байна. Тиймээс брэнд бүтээгдэхүүний мэдээллийн бааз тусад нь бүрдүүлэх шаардлагатай. Ерөнхийдөө энэ чиглэлийн үйл ажиллагаа тогтворжоод улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломж гарч ирсэн байна. Үүнийгээ орчин үеийн техник технологиор дэмжих хэрэгтэй. Тиймээс төр, засаг тусалдаггүй юм гэхэд ойлголт нь зөв байх ёстой.

-Зураасан кодыг хэрэгжүүлэхэд дэд бүтэц чухал үүрэгтэй юм байна. Энэ талаар Хүнсний тухай хуульд оруулж. Хууль эрх зүйн талаас нь цаашдаа хэрхэн ажиллах вэ?
-Улс орнуудын туршлагыг харахад нэг хэсэг нь хуулиар зохицуулж байна. Зарим газар тодорхой салбарын зохицуулалт хийсэн байна. Манайд салбарын зохицуулалтаар явж байгаа. Өөрөөр хэлбэл, Танхим тодорхой зах зээл дээрх операторуудтай хамтран ажиллах замаар өөрийн зохицуулалтыг хийгээд явж байна. Сая Хүнсний тухай хоёр хуулинд тодорхой заалт оруулж өгсөн нь салбарын зохицуулалт руу явж байгаа гэсэн үг. Жишээ нь, УИХ дээр Хилийн боомтын тухай хууль яригдаж байна. Энэ хуулинд мөн тодорхой заалтууд оруулж өгөх шаардлагатай. Дотоод зах зээл дээр бараа аль болох хурдан хугацаанд, төвөг чирэгдэл багатай орж ирэхэд зураасан кодны ач холбогдол цаашдаа улам нэмэгдэнэ. Энэ талаас нь бодож бид цаашдаа, зураасан кодыг худалдаа хөнгөвчлөх талаас нь ашиглах хэрэгтэй. Гэтэл АХБ, зарим олон улсын байгууллага хүртэл энэ талын ойлголт муу байна. АХБ-ны энэ талын хариуцсан байгууллага нь энэ чиглэлийн олон улсын байгууллагуудтай холбоо харилцаа сайн хөгжөөгүй байх жишээтэй. Зураасан кодны Олон улсын холбооны ерөнхийлөгчтэй хурлын үеэр уулзаж ярилцсан. Ирэх намраас АХБ-наас зохион байгуулах гадаад худалдааг хөнгөвчлөх хуралд тэр хүнийг урьж оролцуулж, Төв Азийн хэмжээнд манай төсөл хэрэгждэг хэсэгт зураасан кодны хэрэглээг нэмэгдүүлэх юм. Учир нь улс орон бүрт хэрэглээний түвшин янз бүр байна. Мөн улс орнууд туршлага солилцох төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Энэ талын саналаа би Зураасан кодны Олон улсын холбооны ерөнхийлөгчид хэлсэн.

ЗКЛХ

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865