Сенегалийн туршлагаас Монголд хэрэгжүүлэх зүйл олон байна

Сенегалийн туршлагаас Монголд хэрэгжүүлэх зүйл олон байна

PDFХэвлэхИ-мэйл

“Цахим нэг цонх”-ны хэрэгжилтийн талаар Монголын төлөөлөгчид Сенегал улсад туршлага судлаад иржээ. Энэ талаар МҮХАҮТ-ын Зураасан код, логистикийн хэлтсийн дарга Ш.Цэвэлсайханаас тодрууллаа.

-Гадаад худалдааг хөнгөвчлөх “Цахим нэг цонх” (ЦНЦ)-ны хөтөлбөр, энэ системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд манай Танхимаас 2009 оноос хойш олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр тэдэнтэй хамтран оролцогч байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудын ойлголтыг дээшлүүлж, чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн удаагийн сургалт, семинарыг гадаад, дотоодод зохион байгуулж байна. Энэ удаад Германы Олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр ГЕГ, МХЕГ, ЭМЯ, Засгийн газрын ХЭГ, ЗТЯ, ССАЖЯ, МШХХТГ, ЭЗХЯ, ГИХГ зэрэг төрийн гол гол болон төрийн бус байгууллагын төлөөлөл Африкийн Сенегал улсад ЦНЦ-ны систем хэрхэн хэрэгжиж байгаатай танилцаад ирлээ.

-Тэнд хэрэгжиж буй ЦНЦ-ны системийн онцлог давуу талууд юу байна вэ? Манай улсад хэрэгжихээр зүйл бишгүй байсан байх...?
-Төр, засгийн хэмжээнд, дээд түвшинд “Цахим нэг цонх”-ны үйлчилгээгээ их дэмждэг юм байна. Тухайлбал, энэ ажлыг Ерөнхий сайд, Сангийн яам нь удирдан тогтоол шийдвэр гарган дээрээс нь нэгдсэн удирдлагаар хангаж өгдөг. Өөрөөр хэлбэл үндэсний хэмжээний системийг амжилттай хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгө, санхүүжилтээс гадна улс төрийн амлалт буюу “political commitment” маш чухал гэдгийг энэ жишээнээс харж болно.

Мөн ЦНЦ-ыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдэхийн тулд хүн бүр 10 евро төлж тусгай сан бүрдүүлж тус системийг хөгжүүлэх эхний суурь хөрөнгийг босгож чадсан байна. ЦНЦ-ыг хэрэгжүүлэх төр, хувийн хэвшлийн оролцоотой компани байгуулан ажиллаж байна. Энэ байгууллага нь одоо 100 гаруй ажиллагсадтай юм байна.

-Сенегалийн ЦНЦ-ны системийн хэрэглэгдэх хүрээ ямар түвшинд байх юм. Гадаад улс орнуудтай холбогдох боломж нь ямар байна вэ?
-Өнөөдрийн байдлаар энэ системд гадаад худалдаа эрхлэгчдээс гадна гадаад худалдаанд оролцогч өөрийн орных нь төрийн есөн байгууллага, банк, даатгал, гаалийн зуучлагчид гээд олон талууд оролцон ашигладаг болжээ. Тухайлбал, 2010 онд ЦНЦ-ны систем нь 50 мянга орчим хүсэлт хүлээн авсан байна. Ийм хэмжээний экспорт, импортын бүрдүүлэлт хийгдэж байна гэсэн үг. Бас нэг давуу тал нь зөвхөн тухайн улсын хэмжээнд төдийгүй хил залгаа хөрш орнууд, бүр далайн чанадаас АНУ, Малайз, Франц гээд гадаад улс орнуудын төлөөлөл тус системийн хэрэглэгч болон ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Сенегал улс ЦНЦ-ны системийг үндэсний төдийгүй бүс нутаг, олон улсын хэмжээний систем болгон хөгжүүлж бүрэн утгаар нь хэрэгжүүлж байна гэж хэлж болохоор байна. Яахав, энд тус улсын газар зүйн онцлог, байршил, хэл соёл, зан заншил нөлөөлсөн байх. Жишээ нь, Сенегалын албан ёсных нь хэл франц, олон улсын худалдааны хэл нь англи. Энэ хоёр хэл дээр ЦНЦ-ны систем нь хийгдсэн тул гадаад худалдаанд оролцогчид болон бусад орны хэрэглэгчдийн хувьд хэрэглэхэд хялбар, түгээмэл болж өгчээ. Тус улсад ЦНЦ-ыг хэрэгжүүлснээр бичиг баримт бүрдүүлэхэд дөрвөн өдөр зарцуулдаг байсныг одоо дөрөвхөн цаг болсон байна.

-Сенегал манайх шиг хөгжиж байгаа орны нэг байх. Яаж ингэж сайн хөгжүүлж чадаж байна вэ?
-Саяын миний хэлснээр хөрөнгө, мөнгөнөөс гадна тогтолцоо буюу удирдлага, зохион байгуулалт, манлайллын асуудлыг зөв шийдэж өгсөнд оршиж байгаа болов уу. Бас төр, засгийн зүгээс ЦНЦ-ыг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчныг бий болгоход анхааран ажилласан. Тухайлбал, “e-transaction”, “protection of personal data”,“cyber security” зэрэг зайлшгүй шаардлагатай хуулиудыг 2008 онд баталж өгсөн байна. Ер нь тус улсад цаасгүй худалдааг хөгжүүлэх ажил 1986 оноос, гаалийн автоматжуулсан системийг бий болгохоос эхэлсэнтэй түүхтэй юм билээ. Технологийн хувьд вэб дээр суурилсан, экспорт, импорт, транзит тээврийн үйл ажиллагаанд ашиглагддаг, нийт хэрэглэгчдийн 75 хувь нь уг системийг өөрсдөө шууд орж ашигладаг бол 25 хувь нь оператороор дамжуулан хэрэглэдэг байна. Системийн хувьд:

  • Онлайн төлбөр тооцоо

  • Цахим гарын үсэг

  • Архив, мэдээллийг аюулгүй байдал

  • Статистик тоо баримт

  • Helpdesk гэх мэтээр байх ёстой модуль, өгөгдлүүд хийгдсэн байна.

-Системийг хэрэгжүүлсний гол ач холбогдол юунд оршиж байна вэ. Ялангуяа хувийн хэвшлээс гадна төрийн байгууллагуудын хувьд?
-Тус системд мэдээж тусгай зөвшөөрөл, лиценз олгодог байгууллагууд холбогддог бөгөөд 2014 оноос гадаад худалдаанд оролцогч бүх төрийн байгууллагууд заавал холбогдох ёстой гэсэн шийдвэр гаргаад байна. ЦНЦ-ны системийг хэрэгжүүлснээр төрийн хяналт, бүртгэл сайжирч, далд эдийн засгийг ил болгох, гаалийн татвар хураамжийг шударгаар ил тод төлдөг болгох, авлига хээл хахуулийг багасгах, зардал, цаг хугацаа хэмнэж, гадаад худалдаа болоод бусад тоо баримт, статистик судалгааг бодитой гаргах гээд нэрлээд байвал маш олон төрлийн ач холбогдолтой юм.

Тодруулсан Б.БОЛД

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865