Төв Азийн Орнуудын Тээвэр Зуучийн Нийгэмлэгүүдийн холбооны(CFCFA) нэгдсэн уулзалт амжилттай боллоо

PDFХэвлэхИ-мэйл

Энэ сарын 4-5-нд Тайланд Улсын  Бангконг хотноо  Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд КАРЕК-ын орнуудын тээвэр зуучуудын нийгэмлэгүүдийн холбоо (CFCFA)-ны 2012 оны жилийн эцсийн уулзалт болж өндөрлөлөө

Энэ удаагийн уулзалтын гол зорилго нь холбооны 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, гишүүн орнуудын тээврийн корридоруудын нөхцөл байдалтай танилцах, цаг хугацаа, зардал, орон зайг хэмжих судалгааны нэгдсэн дүнг танилцуулахад оршиж байлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр төр-хувийн хэвшлийн түншлэл хэрхэн явагдаж байгаа талаар ЗКЛХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Гэрэлтуяа илтгэл тависан бөгөөд МУ-д “Цахим нэг цонх”-ны системийг хэрэгжүүлэх ажлын явц, төлөвлөгөөний талаар мэдээлэл хүргэлээ. CFCFA холбоо болон Азийн Хөгжлийн Банкны зүгээс Монгол Улсыг энэ тал дээр маш их ахиц гаргаж буйг тэмдэглэн, бусад хөгжиж буй орнуудад үлгэр жишээ болохуйц ажилласныг онцлон тэмдэглэж байв.

КАРЕК-ийн орнуудын өөр хоорондоо саадгүй худалдаа, тээвэрлэлт хийх нэгдсэн нэг стандарт бичиг баримттай болох зайлшгүй шаардлагатайг онцлон тэмдэглэж, өөрийн стандартыг боловсруулах эсэх болон FIATA-ийн стандартыг нэгдсэн журмаар мөрдөх эсэх тал дээр санал солилцлоо. Түүнчлэн гишүүн орнуудад тээвэр зууч болон тээвэрлэгчдэд зориулсан сургалт, ялангуяа жолооч нарт зориулсан сургалтууд шаардлагатай байгаатай холбогдуулан нэгдсэн журмаар сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Холбооны хүрээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 2 жил хийгдсэн “Time, Cost, Distance”судалгааны дүнг танилцуулав. Судалгааны дүнгээр Монгол Улсын коридор 4-ийн ерөнхий дүн хамгийн ихээр унасан үзүүлэлттэй гарсан байна. Энэхүү уналт нь МУ-ын хилийн боомтууд дээрхи дэд бүтэц сайн хөгжөөгүй, тоног төхөөрөмж дутмагтай холбоотой гэж үзсэн байна.

Уулзалтаар мөн ирэх оны удирдлагын багийг сонгосон бөгөөд 2013 онд CFCFA холбоог удирдах албан тушаалтнаар 2012 оны ерөнхийлөгч Lin Zhong улиран сонгогдсон бол Монгол Улсыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, дэд ерөнхийлөгчөөр Монголын Авто тээвэрчдийн  нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал  Хайпхан, Ерөнхий санхүүчээр ЗКЛХ-ийн дарга Ш.Цэвэлсайхан тус тус сонгогдлоо.

Зураасан Код Логистикийн Хэлтэс

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865