Бараа бүтээгдэхүүний хилээр нэвтрэх хугацааг хэмжих “Time Release Study” судалгаа Замын-Үүдийн хилийн боомт дээр хийгдлээ

PDFХэвлэхИ-мэйл

Дэлхийн Гаалийн байгууллагаас баталсан “Time Release Study" буюу бараа бүтээгдэхүүнийг тухайн улсын хилээр нэвтрүүлэхэд зарцуулагдаж буй нийт хугацааг тодорхойлох судалгааг АНУ-ын Олон Улсын Хөжглийн Агентлаг (USAID) –ийн “Бизнесийн дэмжих санаачлага” төсөл, ГЕГ, МҮХАҮТ болон МХЕГ хамтран Монгол Улсад анх удаа хийж байна.

Уг судалгаагаар экспорт, импортын бараа гаалийн хяналтын бүсээс хэдий хугацаанд гарч буйг тогтоох зорилготой бөгөөд гаалийн бүрдүүлэлтийн үе шат бүрд нарийвчилсан судалгаа явуулснаар асуудалтай хэсгүүдийг тодорхойлж, тэдгээрийг үр дүнтэй болгоход чухал нөлөө үзүүлэх юм.

Судалгааг Монгол Улсын гол боомтууд дээр хийхээр төлөвлөгдсөн бөгөөд 10 сарын 16-26-ны хооронд улсын хамгийн ачаалал ихтэй, бүх төрлийн ачаа эргэлт бүхий БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүдийн боомт дээр хийгдлээ. Дээрхи судалгаанд МҮХАҮТ-ыг төлөөлж Ахлах мэргэжилтэн Б.Гэрэлтуяа оролцов.

Замын-Үүдийн хилийн боомт дээр дараах 9 төрлийн судалгааг хилийн 00 цэг буюу БНХАУ болон МУ-ын хилийн хооронд, МУ-ын хилийн шалган нэвтрүүлэх цэг буюу 120, 116 болон 114 дүгээр цэг, Нарийн буюу шилжүүлэн ачих анги, Өртөө 2 зэрэг цэгүүдэд авч явуулав. Үүнд:

  1. Замын-Үүдийн боомт дээрхи орох урсгалын бүрдүүлэлтийг хэмжих судалгаа

  2. Боомтоор хил нэвтрэх орох дарааллыг тогтоох судалгаа

  3. Орох дарааллын орох хаалганы хяналтын цэгт хүрэх хугацааг тогтоох судалгаа

  4. Орох дарааллын гарах хаалганы хяналтын цэгт хүрэх хугацааг тогтоох судалгаа

  5. Боомтоор хил нэвтэрч буй хугацааг тогтоох судалгаа

  6. Боотмоор гарах чиглэлийн галт тэрэгний хугацааг тогтоох судалгаа

  7. Нарийн буюу шилжүүлэн ачих анги дээр хийгдэх импортын бүрдүүлэлтэнд зарцуулах хугацааг тогтоох судалгаа

  8. Экспортын бараа боомтоор хил нэвтрэх хугацааг тогтоох судалгаа (1-р хэсэг)

  9. Экспортын бараа боомтоор хил нэвтрэх хугацааг тогтоох судалгаа (2-р хэсэг)

Замын-Үүдийн хилийн боомтод жирийн үед өдөрт 600-700 ачааны машин , ачаалал багассан 10, 11-р сард өдөрт 150-200 машин хил нэвтэрдэг байна. Судалгааг нийт 2 хоног туршилт байдлаар эхлүүлэн судалгааны маягтад оруулах өөрчлөлтүүдийг бодит нөхцөлтэй тааруулан хийсэн бөгөөд албан ёсоор 7 хоног судалгааг бүх цэгүүдэд хийлээ. Судалгааны баг гаалийн бүрдүүлэлтийн процесст оролцох бүх талууд буюу гааль, мэргэжлийн хяналт, гаалийн зуучлагчдад зааврыг тухай бүрд нь өгч байснаас гадна ачаа тээвэрлэгчдэд мөн судалгааны зорилго, ач холбогдол, хэрхэн зөв оролцох талаар мэдээлэл өгч байв. Нийт МУ-ын хил рүү нэвтэрч буй 900 гаруй ачааны бүрдүүлэлтэнд судалгааг хавсаргах байдлаар явуулсан бөгөөд судалгааны 80 гаруй хувийг эргүүлэн авч боловсруулалт хийгдэж байна.

Судалгааны эцсийн дүн 11 сард гарахаар төлөвлөгдөж байгаа бөгөөд энэ сардаа багтаан Алтанбулаг, Цагааннуур, Гашуун сухайт, Баянхошуу хилийн боомтуудад судалгааг явуулна.

Ийнхүү МУ-д “Цаг хугацааны судалгаа” –г хийснээр хилээр нэвтрэхэд гардаг хүндрэлүүдийг ил болгож холбогдох байгууллага бүр өөрийн зүгээс сайжруулах арга хэмжээ авах, ачаа бүрийн гаалийн бүрдүүлэлтийн бодит зардлыг тогтоох, улмаар барааны үнийн өсөлтөнд хязгаар тогтоох боломжтой болох, цаашилбал гадаад худалдааг хөнгөвчлөх, Дэлхийн банкны Бизнес эрхлэлтийн тайлан дахь (Doing business index) МУ-ын үзүүлэлтийг сайжруулах зэрэг олон давуу талууд бий болох юм. Нөгөө талаас гаалийн бүрдүүлэлтэнд зарцуулах хугацаа их байгаа нь зөвхөн бүрдүүлэлтэнд оролцогч байгууллагуудаас бус, мөн ААН-үүдийн гаалийн бүрдүүлэлтийн талаархи мэдлэг дутуу, бичиг баримтаа дутуу бүрдүүлдэгтэй холбоотой байдгийг дурдах нь зүйтэй болов уу. Дэлхий нийтийн жишгээс харахад экспорт, импортын барааны гаалийн бүрдүүлэлтэнд зарцуулж буй нийт хугацааны 2/3-ыг хүлээлтэнд зарцуулдаг болох нь тогтоогдсон бөгөөд судалгаагаар мөн үр ашиггүй хүлээлтэнд зарцуулж буй хугацааг гаргаж ирэх юм. Цаашид уг судалгааг 2 жилд нэг удаа хийхээр төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авч болно.
Зураасан код, Логистикийн хэлтэс
Харилцах ажилтан: Б.Гэрэлтуяа (Ахлах мэргэжилтэн)
Утас: 976-11-313411, 91978585
Факс: 976-11-324620
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865