Худалдааг хөнгөвчлөх “Цахим нэг цонх”-ны талаар сургалт, хэлэлцүүлэг боллоо

Худалдааг хөнгөвчлөх “Цахим нэг цонх”-ны талаар сургалт, хэлэлцүүлэг боллоо

PDFХэвлэхИ-мэйл

Монгол Улсын гадаад худалдааг хөнгөвчлөх, улмаар тээвэр логистикийн салбарын хөгжилд тодорхой ахиц гаргах үүднээс үндэсний хэмжээнд “Цахим нэг цонх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) 2006 оноос эхлүүлсэн билээ. Уг ажлын хүрээнд 2010 онд хөтөлбөрийн мастер төлөвлөгөөг боловсруулан танилцуулсны дүнд 2011 оны 6 сард ЗГ-ын 173-р тогтоолоор “Цахим нэг цонх” үндэсний хөтөлбөрийн удирдах хороог баталсан бөгөөд удирдах зөвлөл болон ажлын хэсгүүдэд ажиллах холбогдох байгууллагууд, гишүүдийг томилоод байна.

МҮХАҮТ эдгээр байгууллагуудын асуудал хариуцсан удирдах ба гүйцэтгэх албан тушаалтнуудад зориулсан 4 өдрийн арга хэмжээ буюу “Цахим нэг цонх”-ны талаар хэлэлцүүлэг, сургалтыг Монгол Улс дахь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Ази дахь Интеграчлал Хөтөлбөр (GIZ БНЭЗХААИХ) , Гаалийн Ерөнхий Газар-тай хамтран 2012 оны 5-р сарын 22-25-ны хооронд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Үйл ажиллагааны эхний хэсэг нь холбогдох байгууллагуудын тухайн асуудлыг хариуцсан удирдах албан тушаалтнуудтай 5 сарын 22-ны өдөр санал бодол солилцож, улмаар нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа арга хэмжээ, асуудлуудыг тодорхойлж нэгдсэн ойлголтонд хүрлээ.

Хоёрдахь хэсэг буюу гүйцэтгэх албан тушаалтнуудад зориулсан 2 өдрийн сургалтыг 5 сарын 23-24-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд холбогдох яамд, агентлагийн 50 гаруй албан хаагчид оролцлоо. Уг сургалтаар GIZ-ийн эксперт багш Jonathan Hornbrook  цахим нэг цонх гэж юу болох, зорилго, цар хүрээ, бүс нутгийн зарим орнуудын цахим нэг цонх хэрэгжүүлсэн туршлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, энэ талаархи ойлголтыг нэлээн өргөжүүлж өглөө.

Түүнчлэн цахим нэг цонхны ажлын албаны  дарга Б.Цог “Цахим нэг цонх” үндэсний хөтөлбөр, мастер төлөвлөгөөний талаар мэдээлэл хийсэн бол цахим нэг цонхны ажлын албаны гишүүн, МҮХАҮТ-ын  Зураасан код, логистикийн хэлтсийн дарга Ш.Цэвэлсайхан МУ-ын худалдаа хөнгөвчлөх чиглэлд хийгдэж буй үйл ажиллагаа, цахим нэг цонх болон тээвэр, логистикийн асуудлууд худалдаа хөнгөвчлөх үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг болох талаар ойлголт өгснөөс гадна  бусад орнуудтай харьцуулахад манай улс хаана явж байна, цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар ОУ-ын статистик тоо баримт дээр үндэслэн мэдээлэл хийсэн.

Сургалтанд холбогдох яамдын албан хаагчдаас гадна гадаад худалдаа эрхлэгч болон тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхлэгч Хатан сүйх ХХК, Эвридей сүлжээ, BFS ХХК, Монгол транс ХХК –ийн төлөөлөгчид оролцож экспорт, импортын бичиг баримт бүрдүүлэлт, гаалийн үзлэг шалгалт, лабораторийн шинжилгээнд учирдаг саад бэрхшээлүүд, бичиг баримт, гарын үсгийн  давхардал, төрийн ажилтнуудын хүнд суртал болон төрийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоогүй ажилладаг талаар бодит мэдээлэл хүргэсэн бөгөөд нийт оролцогчид тодорхой кейс дээр ажиллаж цахим нэг цонхны талаар мэдлэгээ өргөжүүллээ.

Сүүлийн хэсэг буюу бизнес эрхлэгчдэд зориулсан семинарыг 5 сарын 25-ны өдөр зохион байгуулсан бөгөөд  бизнес эрхлэгчдэд  цахим нэг цонхны ач холбогдол, уг системийг хэрэгжүүлэхэд тэдний гүйцэтгэх үүрэг чухал болохыг ойлгуулж холбогдох сургалтыг хийснээс гадна  “Хилийг хэрхэн 4 минутын хугацаанд нэвтрэх” буюу Эл Салвадор Улс нь өөрийн цахим цонхны системд хилийн тав тухтай, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх үүднээс хэрхэн энэхүү аргыг хэрэглэж буй талаар сонирхолтой итгэлийг Герман, Киргизстаны экспертүүд тавилаа.

Сургалт, семинаруудын үр дүнд цахим нэг цонхыг хэрэгжүүлэх холбогдох яамд, агентлагууд, бизнес эрхлэгчдийн  хоорондын харилцаа холбоог илүү ойртуулж, тэдэнд нэгдсэн нэг ойлголт өгч чадсанаараа  өндөр үр дүнтэй болсон бөгөөд “Цахим нэг цонх” үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх эхлэл тавигдсан гэж зохион байгуулагчид дүгнэлээ.

Дээрхи асуудалдтай холбоотой мэдээллийг доорхи хаягаар авч болно.

Зураасан код, логистикийн хэлтэс (МҮХАҮТ)

Утас: + 976-11-313411

Факс: + 976-11-324620

И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865